ОБЕГ: Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.
Долдугаар сарын 10-19-ний хооронд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 142 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд 39 хүний амийг аварч, 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Харин аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 19 хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байна. Үүнээс усны ослоор 13, объектын гал түймэрт хоёр, зам тээврийн ослоор нэг, өндрөөс унаж нэг, ахуйн бусад ослоор хоёр хүн нас баржээ.
Тодруулбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн гурван дүүрэг, зургаан аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдол бүртгэгдэж, 11 том хүн, хоёр хүүхэд буюу нийт 13 хүн амиа алдсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум болон нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна