“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

Ц.Цэрэнбадам
2024/12/05

“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.12.05) Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буйгаараа энэ хурал онцлог болж байна. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Чимид сан” МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Ардын Их Хурал, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны нэрт төлөөлөгчид, академичид Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг их сургууль, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Б.Чимид агсан идэр залуу 30 гаруй насандаа Монгол Улсын их сургуульд хууль зүйн боловсрол эзэмшиж, хуулийн багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрчаар ажилласан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн хэмээн намтар түүхээс нь товч дурдаад, түүний оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд нь өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолж байна гэсэн юм. Мөн тэрбээр, Үндсэн хуулийн төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанарыг түүний ном, зохиолоос хардаг тухайгаа тэмдэглээд, Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг механикаар бус, олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлан таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг Б.Чимид агсан нэр төртэй гүйцэтгэсэн гэлээ. Түүнчлэн, Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төрийн түшээдэд ухуулан таниулах, зөрүү буруу хэрэглэхээс сэргийлэх нь Б.Чимид агсны амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсныг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлсэн юм. Б.Чимид агсны охин Ч.Сайнсанаа аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, мөнхжүүлэх зорилгоор хууль зүйн судалгаа, шинжилгээ болон эрх зүйн салбарт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Чимид сан”-гаас эрхлэн явуулдаг тэрхүү олон үйл ажиллагааны нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. “Чимэд сан”-гийн тэргүүн Ч.Сайнсанаа хэлсэн үгэндээ, 2013 оноос зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг аавынхаа 80, 85 насны ойгоор буюу 2014, 2019 онд олон улсын хурал болгон хийснийг дурдаж, эдгээр хурлуудад Монголын болон Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон Улсын эрдэмтэн судлаач нар оролцсон бөгөөд энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд АНУ, ХБНГУ зочин илтгэгчээр оролцож байгааг танилцуулав.

Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат, Төрийн шагналт, академич С.Нарангэрэл, “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тейлор, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нар илтгэл тавилаа. Илтгэгчид Б.Чимид агсны үйл хэргийн биелэл, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явц, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хандаж байсан түүний хандлага, Монголын хууль зүйг шинжлэх ухаан болон эрх зүйн боловсролд оруулсан хувь нэмэр, 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван замаар амжилттай өрнүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр зэргийг онцлон дурслаа.

Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 5 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 5 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 6 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 7 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 8 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 10 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 10 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 13 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 13 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 13 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 14 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр