“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

Ц.Цэрэнбадам
2025/01/08

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Хуулийн үндсэн зохицуулах харилцаа нь:
Нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байна. Бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Ногоон бүсэд тухайлбал,
-стандартад нийцсэн хийн болон шингэн түлшээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах; /бүх төрлийн хатуу түлш/
-стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах;
-инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;
-Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;
-Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
-Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгажээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
 
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан  түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан,  “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийжээ. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой”-н ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлын 6 хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирчээ. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих  санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.  
Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.
 
Товч мэдээ
·      Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.  
·      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд,  хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр боллоо.
·      Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэв.


0
angry
0
care
3
haha
0
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 8 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 9 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 14 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 18 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 19 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр