1992 он: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хууль

Ц.Цэрэнбадам
2025/01/13

Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр бөгөөд Монгол Улс түүхэндээ 192419401960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж байв.

“Бага Үндсэн хууль”

1990 оны 05 дугаар сард хуралдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулганаас БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталжээ. Монгол Улсад ардчилсан шинэ сонголтыг хүлээн зөвшөөрч, цаашдын улс орны хөгжлийн суурь үндсийг баталгаажуулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хуулийг батлан гаргасан байна.

“Бага Үндсэн хууль” хэмээн нэрлэгддэг энэ хуулиар Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага Ардын Их Хурал, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага Улсын Бага Хурлыг байгуулах, ардын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг сонгох, төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага Засгийн газрыг байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байдаг.


2 бүлэг, 22 зүйл бүхий шилжилтийн чанартай “Бага Үндсэн хууль”-ийг Ардын Их Хурал шинэчлэн сонгогдож ажилдаа орсноос эхлэн Үндсэн хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд даган мөрдөж байв.


 “Парламентын бүгд найрамдах улс болсноо" тунхаглан зарлав

Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II чуулганаар 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс дөрөв дэх Үндсэн хуулиа баталсан юм.

Энэ Үндсэн хууль өмнөх Үндсэн хуулиудаас эрс өөр үзэл баримтлалтай. Үндсэн хуулиар БНМАУ гэсэн улсын нэрийг Монгол Улс гэж өөрчилж, төрийн сүлдээ шинэчилж, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх; үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлсэн парламентын Бүгд Найрамдах Улс болсноо тунхаглан зарласан юм. Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлсэн юм.

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хүний үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн бүр баталгаатай эдлэхийг тунхаглав. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг анх удаа иргэнийхээ өмнө хүлээсэн юм.

Үндсэн хуульд төрийн шинэ тогтолцоо, эрх мэдэл, үүргийг тодорхойлон зааж, зааглаж өгсөн. Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгална. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааж өгөв. Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой зааж өгчээ.


Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн уг эхийг нотлох, төрийн сүлд, далбааны эхийг залах ёслолыг 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ардын Их Хурлын танхимд зохион байгуулжээ. Ерөнхийлөгч П.Очирбат мөн өдөр “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” хэмээсэн батламж бичигт гарын үсэг зурсан юм. Үндсэн хуулийн уг эх эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд төрийн хамгаалалтад хадгалагддаг байна.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй, бөгөөд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шиний 9-ний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн юм.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2000 он

2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүд аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа саналаа илээр гаргадаг болов. Мөн УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг, УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үздэг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг болсон юм. Түүнчлэн УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах, УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн нэмэлт өөрчлөлтүүд оруулжээ.

Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг зөвхөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж дэмжсэн тохиолдолд УИХ-д оруулдаг байсныг өөрчилсөн юм.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2019 он

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны Үндсэн хуулийн бүтцийн 28.5 хувийг буюу 70 зүйлээс 19 зүйл, 35 заалтыг нь хөнджээ.

Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагыг бэхжүүлэх эрх зүйн үндсийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн байв.

Тухайлбал, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасныг дэлгэрүүлж “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заажээ.

Түүнчлэн, нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллахын сацуу “намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж заасан байна.


“Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно" гэсэн Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан өөрчлөлт оруулжээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор заасны зэрэгцээ “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна", "Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө" хэмээн өөрчлөлт оруулсан байна.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гурван парламент дамнан 20 гаруй жил яригдаж, улмаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын чуулганаар батлагджээ.


Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт 2022 он

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн (2019) зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсний “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.


Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт 2023 он

Төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэх, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулахаар 2023 онд “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөлт оруулсан. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл болсон энэхүү өөрчлөлт нь ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллын зарчмыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн юм.


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 8 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 9 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 14 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 18 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 19 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр