Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

О.Шүрэнцэцэг
2025/03/01

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Төрт ёсны уламжлал, түмэн олны заншлаар буурал жилээ үдэж, буянт жилээ угтахаар үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэн, хатуу өвлийг энх давж, хаврын урьтай мэнд золгож буй хотол олон Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголчууд бид эрт дээр үеэс эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн залбирч, од эрхэс, орчих гарагсыг ажин шинжиж, ахуй амьдрал, ажил үйлсээ таацуулан нийцүүлж, сар шинээ ёслол төгөлдөр тэмдэглэн, ахас ихсээ хүндэтгэн, төр улс, түмэн олноороо учран золгож ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Хүннү гүрнээс хүндэтгэн ёсолж ирсэн Монголын цагаан сар бол монгол үндэстний шинэ оны баяр, хүн бүр нас нэмсний баяр, урган төлжихийн эх, урин хавартай золгож буй монгол түмний баяр юм.

Сар шинийн баяр бол ураг төрлөө таньж, угсаа гарлаа мэдэж, төр улс, түүх соёлоо дээдэлсэн, монгол үндэстний хосгүй үнэт өв, зан заншил, эв эеийн илэрхийлэл болсон үндэсний их баяр ёслол билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй Модон луу жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид 3 сая 550 мянгуулаа боллоо.

Малчин, тариаланч түмний маань хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн буян хишгээр эрдэнэт мал сүргийн тоо толгой 57 саяар тоологдож, 970 гаруй мянган тн ургац хураан авлаа.

Мөн манай улсын эдийн засаг 5 хувиар өсөж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспорт, гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарч, стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн томоохон мега төслүүд хэрэгжиж эхэллээ.

Сүр хүчний бэлгэдэл луу жил манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр дээд айлчлалууд амжилттай болж, бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.

Миний Монголын ард иргэд ээ,

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт ахан дүүс ээ,

Их эзэн Чингис хаан төр улсынхаа сүр хүчийг тунхаглан зарлаж, Хаврын тэргүүн барс сарыг жилийн эхэн хэмээн тогтоож, монгол түмний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ болсон цаг тооллын бэлгэдэл Цагаан сарыг төрт ёсны их баяр ёслол болгон тэмдэглэж, цадиг түүхийг эхлүүлсэн түүхтэй билээ.

Энэхүү төрт ёсны их баяр Монголын цагаан сар бол монголчууд бидний цог хийморийн бэлгэдэл, тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл, өв соёл, үнэт зүйл, оюун санааны дархлаа юм.

Тиймээс өвөг дээдсийнхээ аугаа их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх тухай зарлиг гаргасныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Түүнчлэн эх түүхээ судлан шинжилж, ард түмнийхээ хүртээл болгох үүднээс  “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар толь бичгийг анх удаа бүтээж, “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн болон Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтыг дэлхийн улс орнуудад толилуулан, эх түүх, өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа билээ.

Тэгвэл энэхүү сар шинийн баяраар “Чингис хаан” үндэсний музейд Их эзэн Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залж, Их хааны өргөөг ард түмэндээ ёслол төгөлдөр нээж байна.

Мөн мянган жилийн түүхтэй, эзэн Богд Чингис хааны эрхт төрийн алтан аргамж болсон босоо монгол бичиг маань төр улсдаа эргэн залагдаж, энэ оны эхнээс төрийн албан ёсны хэрэглээ болж байгаад Төрийн тэргүүн баяртай байна.

Монголчууд бидний төрт ёсны олон зууны түүхийг бичиж тэмдэглэж, өвлүүлэн уламжлуулж ирсэн, монгол соёл, оюун санааны дархлаа, тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон монгол бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол хүн бүрийн бахархал байх ёстой.

Монгол хүн бүр эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай.

Ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ өтгөс буурлууд энх амар, идэр залуус эрдэм чадалтай, хүүхэд багачууд цовоо сэргэлэн, түмэн олон энх тунх, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20