ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

O.Аззаяа
2025/10/01

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. 

Тус станцад гарсан ослын уршгийг арилгаж хэвийн хэмжээнд оруулах таван багц ажил хийхээр төлөвлөсөн. Гурвыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар гурван ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Тээвэрлэлт, барилга угсралт зэрэгт хугацаа шаардлагатай ажээ.

Засгийн газар шуурхай арга хэмжээ авч сэргээн босгох ажилд шаардлагатай санхүүжилт болон эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Үр дүнд нь сэргээн босголтын ажил амжилттай явж байна гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх хэллээ. 

Энэ жил төлөвлөсөн гурван ажил дууссанаар Улаанбаатар хотод тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон гэдгийг тэрбээр онцлов.   

Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй 50 хувьтай нь тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутах 50 хувийг шинэ эх үүсвэрээс хангах тооцоо хийгдсэн, арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар  тогтоолын  хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. 

Журам нь нийт найман зүйлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтөд хамрагдахад гаргах хүсэлт, бүрдүүлэх баримт бичиг болон тусламж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Тухайлбал,

1.    Халамжийн нэгдсэн систем еhalamj.mn-ээс болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Mongolia)-ээс гарах боломжтой мэдээллийг цаасан хэлбэрээр шаардахгүй;

2.    Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах үйл явцын шат дамжлагыг багасгаж, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй;

3.    Асрамжийн газар, сэтгэцийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа эсхүл хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан уламжлан хүсэлт гаргаж тусламж, хөнгөлөлтөд хамруулах;

4.    Байнгын асаргаатай, өдөр тутам живх хэрэглэдэг хоёроос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гурван жилд нэг удаа олгох живхний үнийн хөнгөлөлтийг Засгийн газраас тогтоосон жишиг үнэд багтаан хувааж, жилд нэг удаа олгох;

5.    Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн сонгосон протезын үйлдвэр,  аж ахуйн нэгж, байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага, эмийн сангаас  протез, ортопед, тусгай хэрэгслийг худалдан авах эсхүл хийлгэх;

6.    Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, тайлагнах явцыг цахимжуулах, иргэний сэтгэл ханамжийн судалгааг авах, хяналт үнэлгээг сайжруулах.

Тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлт, тусламж үзүүлэх шат дамжлага багасаж, үйлчилгээг цахимжуулж, хяналт үнэлгээг сайжруулна гэж үзэж байна. 

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх зорилгоор тохиролцсон “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Мөн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны долоодугаар сарын 25-ны “Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавраар үүрэг болгосны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж, хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу шуурхай зохион байгуулж, ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт  даалгалаа. 

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 430, нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ. 

Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар болон бусад шаардлагатай баримт материалыг Төрийн худалдан авах ажиллагааны газар батлагдсан даруй хүргүүлснээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломжтой болох юм. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20