Монгол Улс 3-6 сарын нөөцөө хадгалах шатахууны саваа яаралтай барих хэрэгтэй

Б.Хонгорзул
18 цагийн өмнө

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй 800 гаруй мянган автомашины жолооч нар бараг бүгд шатахуун олдсон дээр нь банкаа дүүргэе гэсэн сэтгэхүйтэй явж байна. Хоёр долоо хоногийн өмнөөс сошиалд “Украйны дронууд Оросын нефтийн үйлдвэрүүд рүү ээлж дараалан халдаж, шатахуун үйлдвэрлэл нь тасалдлаа” гэх мэдээллүүд хөврөх болсонтой холбоотойгоор манайд шатахууны нийлүүлэлт тасалдаж магадгүй гэх айдас үүсгэх болсон. Улмаар уг айдас жолооч нарыг банкаа яаралтай дүүргэх сэдэл рүү түлхсэн. 

Бодит үнэн. Манай улс шатахууны хувьд ОХУ-аас 95 хувийн хамааралтай. Үлдсэн хувийг БНХАУ-аас импортолдог. Тиймээс хойд хөршийн дотоод нөхцөл байдал “эвгүйтэх”, улс төрийн тодорхой шийдвэрүүд бидний амьдралд шатахуунаар дамжиж шууд нөлөөлсөөр ирсэн. Яг одоогийн нөхцөл байдалд энэ бүхнийг хянах чадамж бидэнд маш бага байна. Бид тэднээс хамааралтай. Энэ бодит үнэнийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх шаардлагатай юм.

Гэхдээ ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч манай улс руу шатахуунаа нийлүүлсээр байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн. Тус улс арилжааны бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар хориглох тогтоолыг гурав хоногийн өмнө гаргажээ. Гэхдээ уг хоригт манай улсын авч буй шатахуун түлш ороогүй болохыг салбарын яамнаас тайлбарласан. Манай улс хойд хөрштэй нефть бүтээгдэхүүн авах Засгийн газар хоорондын гэрээтэй. Иймд тус улсад нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч манай улс руу нийлүүлэх шатахууныхаа крантыг шууд хаахгүй. Тэгсэн хэдий ч нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлээр манай Засгийн газар ОХУ-ын талтай тасралтгүй холбоотой байж, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Түүнчлэн, БНХАУ-аас авах АИ-92 шатахууны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх яриа хэлцэл хийж эхэлсэн байна.

Харин бид бухимдан цухалдахын оронд цаашид үүсэх энэ мэт эрсдэлээс сэргийлэхийн тулд шатахууныхаа нөөцийн савыг нэмэгдүүлэх нь ихээхэн чухал юм. Улс орнууд шатахуунаа дунджаар хагас жил нөөцлөх агуулах савтай байдаг. Харин манай улсын хувьд ердөө 30 орчим хоногийн нөөц үүсгэх савтай байна. Гэхдээ шатахууны хэрэглээ жил бүр 20 хувиар өсөж байгаа тул нөөцлөх боломж жил бүр буурсаар байгаа. Хэрэв бид 3-6 сарын нөөцийн сав барих бол 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 1-1.5 жилийн хугацаанд гүйцэтгэх боломжтой аж. Үүнийг төсөвт суулгаж санхүүжүүлэхээс гадна нефть импортлогч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгөх замаар бариулах боломжтой. Хэрэв 3-6 сарын агуулах савтай болчихвол хоёр хөршид үүссэн аливаа эрсдэлийг дотоодод мэдрэгдэхгүйгээр шингээгээд авчих, хариу арга хэмжээ авах боломж бүрдэнэ.

Харамсалтай нь өнөөдөр шатахуун нөөцлөх савгүйгээс болж нийлүүлэлтийн багахан савлагаа, мөн нийгмийн болгоомжлол, айдсаас үүдэлтэй эрэлт бий болсноор цохилтыг хэдхэн хоногийн дотор нийгмээрээ мэдэрч байна. Нэмээд будаа тариагаа хурааж, боловсруулах ид үе тохиосон тул шатахууны хэрэглээ энэ үед огцом өсдөг зүй тогтолтой. Энэ бүхэн давхацсанаар хаана хаанаа сандрал үүсэж эхэллээ.

Нийслэлийн нийт шатахуун түгээх станцуудад ойролцоогоор 5000 тонн шатахуун агуулагддаг. Өнөөдөр 804 мянган автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байна. Үүний 98.6 хувь нь шатахуун түлшээр явдаг. Хэрэв эдгээр машины жолооч нар бүгд сандарч, банкаа (приусын 40 литр банкаар тооцвол) нэг өдөр дүүргэнэ гэвэл хамгийн багадаа 30 гаруй мянган тонн шатахуун шаардлагатай болно. Гэтэл нийслэлийн ШТС-уудад 5000 тонн л бий. Ингэхээр яаж ч бодсон гаднаас нийлүүлэлт хэвийн байлаа ч дотоодод хомсдол үүсэх эрсдэл бий болдог. Иймээс асуудал гадаад хүчин зүйлээс гадна бидний сэтгэхүйд бас байгааг ойлгох нь зүйтэй. Нөгөө талаас төрөөс ийм цаг үед шатахууны нийлүүлэлтийг эхлээд стратегийн гол салбарууд руу чиглүүлэх нь зүйн хэрэг билээ. Бид бүхэн Монгол Улсын нэг эд эс учир хүнд цаг үед энэ бүхнийг ойлгож өөрийн үүргээ бага гэлтгүй гүйцэтгэж байх ёстой. Нөхцөл байдлыг бодитой хүлээн авч, тэвчээртэй хандах, хиймэл эрэлт үүсэхээс сэргийлэх, автомашины хэрэглээгээ тодорхой хугацаанд бууруулах, хэмнэх үйлдлүүд хийх учиртай. Эх оронч байх ийм энгийн зүйлээс эхтэй. 


1
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 34 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 41 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20