Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд 15 сая төгрөг хүртэлх хүүгүй, 3 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болж байна. Тус зээлийг авсан иргэд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байр шинээр бий болгож эхэлжээ. Одоогийн байдлаар дүүрэг бүрээс 10 орчим иргэнийг хамруулан дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд зээлд хамрагдсан иргэдийн олонх нь 1-2 ажлын байр шинээр бий болгож, тогтвортой орлоготой болсон байна. Тэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлэг дурсгалын зүйл урлах, цахилгааны хамгаалалтын хэрэгсэл хийх зэрэг төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн зөвхөн дотоодын зах зээлд бус, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж ч нээгдэж эхэлжээ. Тухайлбал, Монгол Улс Евро-Азийн чөлөөт худалдааны хүрээнд шинэ зохицуулалт, дүрэм баталсантай холбоотойгоор жижиг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох нөхцөл бүрдэж байна. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд олгож буй зээл нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг бизнесийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна