ТУРКЭЭС ЕВРОПЫГ ЧИГЭЛСЭН ХАР ТАМХИНЫ НАЙМААНД АЛАН ХЯДАГЧИД ОРОЛЦДОГ

О.Шүрэнцэцэг
2019/06/06

Турк дэх Монголын Элчин сайдын яамны хоёр ажилтан хувийн ашиг хонжоо олохын тулд улсынхаа нэр хүндийг золионд гарган 70 кг хар тамхи хил давуулах гэж байгаад баригджээ. Энэ мэдээг сонсоод “Манай элчингийнхэн чинь тамхины контрбанд хийдэг байсан чинь томроод хар тамхи зөөдөг болж” гэж ёжлох нь олон байна. Гэтэл “томроод” хар тамхи зөөж байгаа энэ хэргийн цаана тун ч таагүй олон зүйлс бий.

Наандаж Монгол улс, монголчуудын нэр хүнд гэж авах юмгүй боллоо. Саяхан Тайландад монгол иргэд халаасны хулгай хийгээд баригдсаны дараа энэ улсад монголчуудыг бараг л бүгд хулгайч гэх үүднээс хандах гээд байсан бол одоо элчингийн ажилтнууд нь хар тамхины наймаа хийсэн тул хулгайч дээрээ хар тамхины наймаачид гэж бодох биз. Цаандвал, оруулахыг завдсан хар тамхины хэмжээтэй холбоотой асуудал байна.

70 кг гэхээр “Хуучнаар бол шуудай гурил л юм байна. Сүртэй юм алга”гэж болохоор. Гэвч ХБНГУ-ын хуулинд 1,5 граммаас их хэмжээний героин хууль бусаар оруулахыг завдал их хэмжээний гэж тооцдог юм байна. Гэтэл манай “том гарууд” юун 1,5 грамм, шууд л 70 кг-ыг оруулахыг завдсан гэдэг нь хэдэн мянга дахин давуулсан, бараг л “мянгат контрбандчин” цол авах хэмжээнийх гэсэн үг. 70 кг героин гэдэг дэлхий ямар ч улсад маш их хэмжээгээр оруулахаар завдсан гэдэг зүйл ангид багтана.

Хамгийн наад захын жишээ дурдъя. Хятадад 50 грамм, Иранд 30 грамм герион хадгалсан, оруулахыг завдсан бол цаазаар авахуулна. Ер нь одоогоор дэлхийд 33 оронд хар тамхи их хэмжээгээр, хууль бусаар оруулахыг завдсан тохиолдолд хуулийн дээд хэмжээ ногдуулан, цаазаар авдаг. Үүнд: Афганистан, Бангладеш, Бруней, БНХАУ, Куба, Египет, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Иордани, Кувейт, Лаос, Малайз, Марокко, Хойд Солонгос, Оман, Катар, Пакистан, Саудын Арави, Сингапур, Сомали, Шри-Ланка, Сири, Судан, Тайвань, Таиланд, Арабы Нэгдсэн Эмират, Вьетнам, Йемен, Зимбабве ордог. Филиппинд бол хар тамхи зарж байгаа хүнийг газар дээр нь шууд буудан хороохыг Ерөнхийлөгч нь зөвшөөрч, ард иргэддээ уриалсан байдаг.

Иргэд нь олон зуун мянгаараа хар тамхинд донтон мансуурвал улс орон нь ямаршуу байдалд ордгийг харуулсан түүхэн жишээ бэлхэн бий тул ийм эрс хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон биз. 19-р зууны сүүлээр Британийн наймаачид манжийн Дай чин гүрэн рүү хар тамхийг асар их хэмжээгээр оруулж ирэх болсноор олон зуун мянган иргэд нь хар тамхичин болсон явдал Чин гүрэн нуран унахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл болсон гэж үздэг. Манжийн эрх баригчид хар тамхины хууль бус наймаатай тэмцэх гэж Британийн эсрэг хоёр ч удаа дайтсан ч гаалийн ажилтнуудээс эхлээд цэрэг цагдаа, сайд дарга нар хүртэл төр нь нэлэнхийдээ хар тамхины наймаачдаас авилга авч ялзраад байсан тул яаж ч чадалгүй ялагдаад манжууд ба тэдний байгуулсан улс гүрэн үгүй болсон.

Харин манай “мянгат контрбандчид” маань “алсын хараатай” хүмүүс тул ямар ч л байсан цаазаар авах ялгүй улс оронд ажиллаж байж, цаазаар авахуулахгүй юм байна гэж бодож болох. Монголын шоронгийн хажууд таван одтой зочид буудал гэж болохоор Германы хориход хэдэн жил “амарч сувилуулах” юм байна гэмээр. Гэтэл граммаар тооцдог юмыг хэдэн арван килогоор зөөнө гэхээр нөлөө бүхий, хүчирхэг бүлэглэлийн л хийдэг наймаа нь ойлгомжтой. Интернет дэх хар тамхины хууль бус тээвэрлэлтийн эсрэг мэдээллүүдийг шүүж үзвэл Туркт нэг кг героины ойролцоогоор 7000 ам.доллар. Харин контрбандаар Европ руу оруулж чадвал 1 кг нь даруй 30 мянган ам.доллар хүрдэг аж. Ийм их хэмжээний мөнгөө алдсан хүчирхэг бүлэглэл, мафи зүгээр суухгүй тул тээвэрлэж яваад баригдсан контбандчдын ар гэр, найз нөхөд нь ямар их аюул нүүрлээд байгааг таашгүй.

Туркээр дамжин Европ руу орж ирдэг героин төрлийн мансууруулах бодис бараг 100 хувь Афганистанаас гаралтай байдаг юм байна. Афганистанд хийсэн хар тамхийг Пакистан, Ирак, Сири, Иранаар гэсэн олон орны хил гаалиар их хэмжээгээр сэм оруулж ирнэ гэдэг өндөр зардалтай, сайн зохион байгуулалт шаардсан ажил тул хүчирхэг бүлэглэлүүд л хийж чадна. Хар тамхины наймаа эрхэлдэг олон бүлэглэлүүдийг ашиг хонжоо хөөдөг нэгэн төрлийн “Хар тамхины контрбанд”нэртэй Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани гэж болно. Мансууруулах бодисонд донтсон олон сая хүний эрүүл мэнд, амь нас, тэдний ар гэрийн нулимс, зовлонгоор баяждаг компани. Гэтэл сүүлийн үед “Лалын улс” гэх мэт алан хядагч бүлэглэлүүд хар тамхины наймаанд идэвхтэй оролцох болсноор хуучин ХХК-ыг хүчтэй шахан энэ төрлийн наймаанд голлох үүрэг гүйцэтгэхийг хичээх болсон тухай судлаачид анхааруулж байна. Энэ бол бүр ч аюултай үзэгдэл.

Өөрөөр хэлбэл ашиг хөөсөн “Хар тамхины контрбанд” ХХК нь лалын хэнээтнүүдээс бүрдсэн намын үүртэй, үзэл суртлын хэлтэстэй болсон. Ердийн “Хар тамхины контрбанд” ХХК-ууд хууль бус аргаар олсон мөнгөө элдэв бизнест хөрөнгө оруулалт хийх замаар угааж баяжихыг эрмэлздэг бол лалын хэнээтнүүдийн намын үүртэй, үзэл суртлын хэлтэстэй болоод ирэхээрээ баяжих чухал биш болж, олсон мөнгөөрөө зэвсэг худалдан авч алан хядах ажиллагаа явуулан бүр ч олон хүний аминд хүрч, цус урсгана. Ердийн “Хар тамхины контрбанд” ХХК-ий ажилтнуудыг баривчилбал яаж ийгээд тохиролцоо хийх замаар сүлжээг нь илрүүлэх, таслан зогсоох, заримыг нь бүр дампуурлан хаах боломжтой. Харин шашны хэнээтнүүдийг ингэж урвуулах бараг боломжгүй. Тэд мөнгөний төлөө бус үзэл бодлын төлөө улайрсан, тархи угаалгасан хүмүүс тул бууж өгөх, тохиролцохыг мэддэггүй, бүр хэрцгий, алдааг үл уучилдаг гэж болно.

Турк дэх хар тамхины наймааг гартаа оруулахын төлөө “Лалын улс”-ын алан хядагчид Латин Америкийн хар тамхины мафиудтай дайн зарлаад авсан тухай мэдээ нэлээд хэдэн жилийн өмнөөс гарах болсон. Мексикийн “Синалола” хар тамхины мафийн толгойлогч “Атигар” хочтой Хоакин Гусман нь “Лалын улс”-ын удирдагчдыг өөрийнх нь мэдлийн их хэмжээний хар тамхины контрбандыг илрүүлэн устгасан гэж буруутгаад хариу авахаар сүрдүүлж байсан тухай мэдээ бий. Хэдийн хоорондоо дайтаад эхэлчихсэн хэрэг.

Асар их мөнгөний тухай яригдаж байгаа тул ингэтэл улайраад байгаа хэрэг. Багцаагаар Турк дэх гэмт бүлэглэлүүд нь хар тамхи, мансууруулах бодисын наймаанаас жилдээ 150 тэрбум гаруй долларын ашиг олж байдаг тул энэ салбар дахь өрсөлдөөн тэмцэл нь хайр наргүй, өрөвдөхийг үл мэдэх харгис. Иймд элчингийн ажилтнуудаар их хэмжээний хар тамхины контрбанд хийлгэсэн хүмүүс нь “Лалын улс” гэх мэт алан хядагч байгууллагатай холбоотой болж таарвал байдал улам л хэцүүдэх байх.

Нэг нь Орост ажиллаж байсан, нөгөөх нь сайдын жолооч хийж байсан л гэнэ. Тэр болгонд ямар бүлэглэл нь ямаршуу мэдээлэл олж аваад, яаж ашигладаг байсныг таах хэцүү. “Лалын улс” гэх мэт алан хядах бүлэглэлүүд сүүлийн үед тал бүрээсээ шахагдаад доод төвшний алан хядагчдаа зэвсэг, сумаар хангахаас эхлээд толгойлогчид нь нуугдаж орогнуулах хүртэл бүх зүйл дээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа. Жинхэнэ хорголоо тоолж байгаа гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Иймдтэд Монгол шиг нэг талаас жижиг буурай, авлигад идэгдсэн нөгөө талаас ардчилсан тогтолцоотойн дээр газар нутаг нь хар тамхины наймааны үндсэн замуудаас хол байрлалтай гэдгээрээ том гүрнүүдийн хараа хяналтад тэр бүр өртөөд байдаггүй улс орнуудыг улам л сонирхон олзлох болно. Хүнд байдалд орсон тул тэд нэг зуурвал салахгүй, өрөвдөж хайрлахыг үл мэднэ.Иймд “алсын хараатай” хүмүүс энэ мэт наймаанд орооцолдохын өмнө өөрийн төдийгүй өрөөлийн амь насаар дэнчин тавих хэрэг байгаа эсэх талаар сайтар эргэцүүлэн бодоход ер илүүдэхгүй байх.

Б.Бадрал

 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 7 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 8 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 10 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 10 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 12 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 14 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 14 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр