2021/06/15
USD 2,811

С.Лхагвадорж: Даатгуулагч эхчүүдэд чиглэсэн нийгмийн даатгалын цогц бодлогыг хэрэгжүүлж байна

М.Төгөлдөр
2021/05/18

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржтой даатгуулагч эхчүүдэд чиглэсэн нийгмийн даатгалын бодлогын асуудлаар ярилцлаа.

Эмэгтэй даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр төрөөс сүүлийн жилүүдэд бодлогын хэмжээнд анхаарал хандуулж, хэд хэдэн хуулийн заалт хэрэгжиж эхэллээ шүү дээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нийт даатгуулагчдын 50,7%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ бол 2 хүн тутмын 1-д хамааралтай  асуудал юм. Нөгөө талаас эмэгтэй даатгуулагчдын маань тухайд хүүхэд төрүүлэх үедээ шимтгэл төлөлт тасрах, үүнээс үүдээд ажилласан жил цөөн байх, тэтгэвэр, тэтгэмж нь харьцангуй бага хэмжээгээр тогтоогдох,  бүр эрх үүсэхгүй байх нь ч бий.  Тиймээс Монгол Улсын Засгийн Газраас эмэгтэй даатгуулагч, эхчүүдэд чиглэсэн нийгмийн хамгаалал тэр дундаа тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг илүү боломжтой, таатай    байлгах нөхцөлөөр сүүлийн жилүүдэд бодлогын хэмжээнд авч үзэж, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах замаар олон ажлыг санаалчлан хэрэгжүүлж байна.

Юун түрүүнд хүүхдийн нөхцөлөөр, хөнгөлттэй  эрт тэтгэвэрт гарах боломжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?  

Хэвийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгоход эрэгтэй даатгуулагч 60 насанд хүрээд, эмэгтэй даатгуулагч 55 насанд хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой байдаг. Харин даатгуулагч эхчүүдийн тухайд төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авч, 6 нас хүртэл нь өсгөсөн 4-өөс дээш хүүхэдтэй бол 5 жилийн өмнө буюу 50 настайдаа олон хүүхэдтэй эхчүүдийн нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүний тулд  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай.

Хүүхдийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохын тулд ямар нэг нэмэлт баримт бичиг шаардах уу?

Тэтгэвэр тогтооход шаардлагатай үндсэн баримтуудаа л бүрдүүлнэ. Үүнд: 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй буюу үрэгдүүлсэн тохиолдолд ажилласан хугацааг нь нотлох ажилд авсан, чөлөөлсөн тушаалын лавлагаа шаардлагатай.  1995-2020 оны шимтгэл төлөлтийг нийгмийн даатгалын цаасан дэвтэрт, 2021 оноос хойшхи хугацааг нийгмийн даатгалын цахим дэвтэр, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд үндэслэн тооцоолно. Мөн хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээний хамт харъяа орон нутгийнхаа нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл хүсэлтээ гаргах хэрэгтэй.

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор жилийг нэмэгдүүлж эхэлсэн. Энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна?

Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөсөн хүүхдийн тоогоор 1 жил 6 сараар бодож, ажилласан жил буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлэх замаар тэтгэвэр тогтоох хууль 2020 оноос эхэлсэн. Өнгөрсөн 2020 онд нийтдээ 22,9 мянган даатгуулагч эх яг энэ хуулиар шимтгэл төлсөн жилээ нэмэгдүүлж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Энэ хуулийн үр дүнд дээрх эхчүүдийн тэтгэвэр дунджаар 7,5% нэмэгдсэн байгаа.

Тэтгэврийн тухайд иймэрхүү бодлого баримтлан ажиллаж байгаа юм байна. Даатгуулагч эхчүүдийн тухайд олноороо, олон удаагийн давтамжтай авдаг үйлчилгээ бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж байдаг шүү дээ. Ямар нөхцөлийг хангасан хүмүүст олгодог вэ?

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн, түүнээс жирэмсний чөлөө авахаас өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн даатгуулагчид олгох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл төрөхөөс нь өмнө  буюу жирэмсний 31-32 долоо хоногтойгоос нь эхлээд 60 хоногийн тэтгэмж буюу календарийн хугацаагаар бол 2 сарын тэтгэмж өгнө. Төрсний дараа буюу амаржсанаас нь хойш 2 сарын хугацаанд мөн амаржсаны тэтгэмжийг олгодог.  Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тухайн даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас  100%-иар бодож, 4 сарын хугацаанд олгодог.

Даатгуулагч эмнэлэгийн хуудсаа хэрхэн бичүүлэх вэ? Хаана хандах вэ? Материалаа, баримт бичгээ өгсний дараа хэд хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж олгодог вэ?

Тухайн эх жирэмсэний эмнэлгийн хуудсаа жирэмслэлтийнхээ 31-32 долоо хоногтой болох үедээ хяналтанд байсан эмнэлгийн байгууллагадаа хандан бичүүлнэ. Албан журмын даатгуулагч ажил олгогчоороо дамжуулан, сайн дурын даатгуулагч өөрөө харъяа нийгмийн даатгалын хэлтэстээ эмнэлгийн хуудсаа өгөх ба манайх 28 хоногийн дотор хянан, тэтгэмж олгох журамтай. Гэхдээ бид заавал хуулийн хугацаа хүлээлгүй аль болох хурдан хянаад тухайн даатгуулагчдын дансанд тэтгэмжийг нь 3-14 хоногийн дотор шилжүүлээд явдаг.  Бас нэг мэдээлэл хүргэхэд албан урмын даатгуулагч эхчүүд хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийнхөө хувийн данс руугаа тэтгэмжээ авах боломжтой болсон. Мөн  эмнэлгийн хуудас олгох журам саяхан шинэчлэн батлагдсан. Ингэснээр эмнэлгийн хуудсыг цаашид эмнэлгийн байгуулагаас нийгмийн даатгалын байгуулагад шууд цахимаар  ирүүлсэнээр даатгуулагчдад чирэгдэлгүй, илүү хялбар болох юм.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ ажил эрхэлдэг болон хувиараа даатгал төлдөг хүмүүст ялгаатай байдаг уу?  

Ялгаагүй. Өмнө нь албан журмын даатгуулагчдын хувьд дундаж цалингаас нь 100 хувиар, сайн дурын даатгуулагч эхчүүдэд 70 хувиар тооцож олгодог байсан. Дундаж цалин хөлснөөс нь адилхан 100 хувиар тооцож олгох хуулийн зохицуулалт 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн онд хүүхэд төрүүлсэн 7400 сайн дурын даатгуулагч эхэд олгох тэтгэмжийг 30%-иар нэмэгдүүлж олгосон ба үүнд 3,4 тэрбум төгрөгийг нэмэлтээр зарцуулсан.

Шимтгэл төлөлт хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тасрахгүй байх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

Албан журмын даатгуулагч эх  эхний 2 удаагийн төрөлт дээрээ л жирэмсний болон амаржсаны тэтгэмж дараалан авах боломжтой байсан.  Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 3 дах хүүхдээ төрүүлэх тохиолдолд  тэтгэмж олгогдох боломжгүй байсан юм. Энэ эхний 2 удаагийн төрөлт хамаарна гэдэг хуулийн зохицуулалт 2020 оноос хүчингүй болсон. Ингэснээр хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан тэтгэмжийн даатгалын сангаас буюу нийгмийн даатгалаас энэ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болсон. Энэ хугацаанд ажил олгогч нь тухайн даатгуулагчийн хүүхэд асрах чөлөөтэй байх үеийн шимтгэлийг хариуцна.  Нөгөө талаас бол сайн дурын даатгуулагч эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асарч байх хугацаандаа төлвөл зохих шимтгэлийнхээ 50%-ийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн  50%-ийг нь тэтгэмжийн сангаас буюу нийгмийн даатгалын сангаас эсхүл улсын төсвөөс төлж өгөх хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа. Жишээлбэл 420000 төгрөгнөөс шимтгэл төлдөг даатгуулагчийн тухайд  50%-ийн шимтгэл 28350 төгрөгөө өөрөө төлсөн тохиолдолд үлдсэн 28350 төгрөгийг улсаас төлж өгнө гэсэн үг. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн тус хуулийн үйлчлэлэд 17140 даатгуулагч эх хамрагдаж байна. Даатгуулагч эхчүүдэд чиглэсэн эдгээр арга хэмжээнүүд маань нэг талаас тухайн даатгуулагч эхийн нийгмийн баталгааг хангах чиглэлд анхаараад зогсохгүй нөгөө талаас Монгол Улсын хүн амын өсөлтийг  дэмжих бодлоготой уялдаж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2601:140:8900:6180:78d5:700c:13f7:9f50
Ойлгомжтой тайлбарлаж байна баярлалаа
Хариулах
66.181.178.40
Хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайхан бүсгүй шүү
Хариулах
64.119.27.200
Ene ajiltan niigemiin daatgaliin tuhai ih oilgonjtoi yaridag.Tand ajild n amjilt hisie
Хариулах
202.126.89.30
Нийгмийн даатгалын дэвтэрээ эмчид аваачиж өгөөд листээ бичүүлээд байгууллагаараа дамжуулж тамга даруулаад Буцааж аваад нд явахаа болисон гэсэн үгүү
Хариулах
122.201.24.218
Мундаг ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг сайхан эмэгтэй шүү ажил амьдралд нь өндөр амжилт хүсье
Хариулах