“Талибан” Афганистан даяар хатуу дэглэм тогтоож байна

Н.Сумъяасүрэн
2021/08/17

НҮБ-ын түвшинд алан хядагч гэж тодорхойлогдсон “Талибан” хөдөлгөөн 20 жилийн турш дэлхийн №1 зэвсэгт хүчинтэй партизаны дайн хийсний эцэст ялж, Афганистаныг хоёр сарын дотор бүрэн мэдэлдээ явсан явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна.  

Кабул хотыг эзэлснээр Афганистаныг бүхэлд нь хянах болсон талибууд өөрсдийгөө улирч өнгөрсөн дундад зууны үеийн түвшинд сэтгэдэг, хоцрогдсон бүдүүлэг алан хядагчдын бөөгнөрөл бус харин улс удирдах хэмжээний бодлого, бүтэц бүхий нийт афганчуудын төлөөлөл болсон нэр хүндтэй байгууллага гэж харуулахыг бүх чадлаараа хичээж байна. Тухайлбал, Кабулыг эзлэн авсны дараагаар өмнөх Засгийн газарт зүтгэж байсан бүх төрийн албан хаагчид хүйс ялгалгүйгээр ажлын байрандаа эргэн ирж байна болно мэдэгджээ.  

Катарын Доха хот дах “Талибан”-ын улс төрийн оффисын орлогч Абдула Салама Ханафи мэдэгдэл хийхдээ “Дипломат төлөөлөгчдийн газрууд, цэргийн бааз, иргэний захиргааны албадын ажилтнууд айж эмээлгүйгээр ажилдаа орж болно. Хэний ч эрхийг шамшигдуулахгүй. Эмэгтэйчүүд хижаб өмсөөд ажилдаа явж болно” гэжээ. Түүнчлэн “Талибан” нь эвслийн Засгийн газар байгуулах бэлтгэл ажлыг явуулж байгаа, афган хүн бүр энэ ажилд оролцоно, бүгд өмнө нь эдэлж байсан эрхээ эдлэх болно гэж мэдэгдсэн байна.  

Гэвч Доха дах улс төрийн оффисын элдэв амлалт, мэдэгдлийг Афганистан дах цэргийн дарга нар заавал биелүүлэх албагүй байгаа нь “эвслийн Засгийн газар”, “хэний ч эрхийг шамшигдуулахгүй” гэх мэт мэдэгдэл бодит байдал дээр биелнэ гэдэгт эргэлзээ төрүүлж эхэлжээ.  

“Талибан”-ы албан ёсны төлөөлөгч Забиулла Муджахид нь “azattyq.org” сайтын асуулгын дагуу Афганистаны шинэ эздийн дотоод бүтцийн талаар тайлбар өгчээ. Энэ тайлбараас үзвэл Доха дах улс төрийн оффис нь Талибаны дээд удирдагч Малави Хибатулле Ахундзаде-ийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг 20 орчим комисс, тусгай оффисуудын нэг нь төдий юм байна. Энэхүү бүтцэд багтдаг Цэргийн хэрэг хариуцсан комисс нь хязгаар муж, хотын дүүрэг хүртэлх цэргийн шаталсан удирдлагыг бүхэлд нь хянаж, чиглүүлж байдаг аж.  

“Талибан”-ын дээд удирдагч Ахундзаде нь шашин, улс төр болон цэргийн асуудлаар хамгийн дээд эрх мэдлийг атгаж байдаг. Энэ хүн дороо гурван орлогчтой. Улс төрийн хэрэг хариуцсан орлогч Мулла Абдул Гани Барадар нь Доха хот дах улс төрийн оффис болон, өрнөдтэй хэлэлцээ хийх бүлгийг хариуцдаг. Талибаны үүсгэн байгуулагч, өмнөх удирдагч Мулла Мохаммад Омарын хүү Мулла Мохаммад Якуб нь талибуудын цэрэг дайны бүх асуудлыг удирддаг бөгөөд өмнөд мужуудыг хариуцсан жанжин. Зүүн мужуудын жанжин Сираджуддин Хаккани гэгч нь түүнчлэн “Хакканийн сүлжээ” нэртэй албыг бас удирддаг. Энэхүү сүлжээ нь “Аль-кайда” бүлэглэлтэй уялдаа холбоотой ажиллагаа явуулахыг хариуцдаг юм байна. Энэ хоёр хүн талибуудын цэргийн хэрэг хариуцсан комиссыг үндсэндээ удирддаг.  

Цэргийн удирдлагын хувьд дүүргийн түвшнээс эхлээд талибын цэргийн дарга бүр мужийн дарга нарт захирагддаг. Тус бүр нь гурван мужийн удирдлагыг хариуцсан “тойрог”-ийн удирдлага гэж байдаг.Эдгээр тойргийн удирдлагуудыг Цэргийн хэрэг хариуцсан комиссын хоёр орлогч дарга захирдаг. Энэ хоёр орлогчийн нэг нь талибуудын баруун жигүүрийн 21 мужийг захирдаг бол нөгөөх нь зүүн жигүүрийн 13 мужийг захирдаг юм байна. Түүнчлэн Цэргийн хэрэг хариуцсан комисс нь мужууд ба дүүргийн амбан захирагч нарыг томилдог аж.  

Өөрөөр хэлбэл Доха дах улс төрийн оффиссын уран гоё, гоё мэдэгдэл нь үнэндээ заавал биелэх албагүй. Бодит байдал Доха дах улс төрийн оффиссын мэдэгдлээс тэс өөр байгааг Афганистанд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн агентлагуудын олон тооны мэдээ нотолж байна. Тухайлбал, талибууд эзэлсэн газар бүрдээ тун харгис хатуу журам тогтоож эхний ээлжид эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнгүйгээр ганцаар гэрээс гарахыг хатуу хориглосон тухай мэдээ олноор ирж байна. Дагуулж явах эрэгтэй хүн байхгүй бол эмэгтэй хүн дэлгүүр, зах ч орж болохгүй болсон тухай “RBC” суваг мэдээлсэн. “Daily Mail”-ын мэдээлж байгаагаар талибууд эзэлсэн газар бүрдээ тосгон суурины ахлагч нараас нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг жагсаалтыг шаардаж, тэдний цэргүүдээ хүчээ богтлон өгч эхэлжээ. Зарим газар талибууд айлуудаар орж 12-14 насны охидыг хүчээр авч явах болсон байна.  

Үүнээс гадна талибуудыг 1996-2001 онд Афганистаныг удирдахдаа мөрдөж байсан бусад харгис дүрэм журмаа халсан гэдэгт афганчууд дийлэнхдээ тун эргэлзэж байгаа бололтой. Тухайн үед Афганистаны өдөр тутмын амьдрал ямар онцлогтой байсан бэ? Охид эмэгтэйчүүд цусан төрлийн эрэгтэй хүнгүйгээр гэрээс гадагш гарахгүй эрхгүй тухай дээр өгүүлсэн. Үүн дээр охид 8 нас хүртлээ сургуульд сурч болно, үүнээс цааш эмэгтэй хүнд элдэв эрдэм мэдлэг хэрэггүй. Ёс заншлыг зөрчсөн жижиг хэрэг, хулгай, гэр бүлийн үнэнч бус байдал зэрэгт заавал олны өмнө эрүүдэн шүүж ташуурдаж, занчиж, чулуугаар балбах гэх мэт шийтгэлтэй. Жишээлэхэд, талибуудын далбаатай адил цагаан өнгийн гутал өмссөн эмэгтэйг туг далбайны өнгийг хөлдөө өмсөж гутаалаа гэж төмөр өргөстэй ташуураар ташуурдаж байсан тохиолдол бүртгэгджэ. Лалын шашны холбогдолгүй бол ямар ч дуу хөгжим сонсож болохгүй. Сонссон хүмүүс үхэх хүртэл хатуу ялтай. Эрэгтэй хүн бүр сахлаа ургуулах ёстой ч европ маягаар үсээ засуулах цээртэй. Лалынхаас өөр шашинтай хүмүүс ханцуйн дээрээ  шар тууз хатгаж өөрсдийгөө бусдаас ялгах ёстой. Кино, концерт, урлагийн үзэсгэлэн бүгд хориотой. Тамхи, архи хэрэглэх хориотой.  

Одоогоор Кабул хотын олон улсын нисэх буудал л ганцаар Америкийн 6000 цэргийн албан хаагчийн хамгаалал дор байгаа учраас талибууд хянаж чадахгүй байгаа. Бусад бүх газар талибуудын бүрэн хяналтад орсон. Мөн олон улсын мэдээллийн агентлагууд талибуудын харгис бүдүүлэг, хэрцгийг онцлох атал нутгийн иргэд талибууд ирснээр олон жил үргэлжилсэн дайн, дээрэм тонуул, эмх замбараагүй байдал арилж, энх тайван ирнэ гэж дийлэнхдээ дэмжиж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр