Улс төрийн нам дотоод дүрэм, журам, ёс суртахуун, ёс зүй, хариуцлагыг намын гишүүддээ тооцдог болж чадсанаараа нийгмийн хандлагыг өөрчлөхөд бодитой хувь нэмэр болно. Энэ ч утгаараа эрх баригч МАН намынхаа дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцох механизмыг бодитоор тусгаж өгсөн. Уг дүрмийн өөрчлөлтийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Их хурлаараа хэлэлцэж, баталсан. Өөрөөр хэлбэл, МАН-ын дүрэмд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой хоёр заалт орсон. Нэгдүгээр агуулга нь, цаг хугацаанаас үл хамааран энэ төрлийн гэмт хэргээр шүүхээр шийдэгдэж, ял шийтгэл эдэлж байсан бол МАН-ын нэр дээрээс бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй, МАН-ын Удирдах албан тушаалд сонгогдох эрх эдлэхгүй гэдэг заалт орсон.
Хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж буй тохиолдолд намын гишүүн намаасаа өөрийн хүсэлтээр түдгэлздэг байх ёстой. Өөрийн хүсэлтээр түдгэлзээгүй тохиолдолд холбогдох хяналтын байгууллага хуралдаж түдгэлзэх асуудлыг хэлэлцэнэ. Нэг хүний хууль зөрчсөн үйлдлээс болж намын эрх ашиг, нэр хүнд, нийт гишүүдийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэдэг утгаараа энэхүү заалтыг оруулжээ. Ингэхдээ хугацааны хувьд тухайн хүн шалгагдаж буй хэрэгтээ шалгуулж гэм буруугүй эсэх нь тогтоогдвол гишүүнчлэлийн эрх нь сэргэнэ. Харин гэм буруутай нь тогтоогдвол намаас гарсанд тооцно.
Дээрх дүрмийн дагуу авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авч МАН-аас хасагдсан гишүүдийг багцлан хүргэе.
-Д.ХАЯНХЯРВААГ НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ НАЙМАН ЖИЛ ХАСАЖ, 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН-
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргасан. Тодруулбал, авлига авснаа хүлээн зөвшөөрсөн УИХ-ын гишүүн авсан асан, Эрдэнэс монгол компанийн захирал Д. Хаянхярваад шүүхээс хялбаршуулсан журмаар ял оноосон.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгосон. Ингэснээр түүнд холбогдох хэрэг шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон учраас намаас гарсанд тооцно гэсэн үг.
-БАТЛАН ДААЛТАД ГАРСАН Ж.ЭРДЭНБАТАД ЗУРГААН ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН-
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, 2021 оны гуравдугаар сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байв.
-ХУВЬ ЗАЯА НЬ ХААШАА Ч ЭРГЭЖ МЭДЭХ Ц.АНАНДБАЗАР-
МАН-ын Хяналтын хороо 2021.05.13-ны өдөр хуралдаж, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ .Өөрөөр хэлбэл, түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн.
-Б.УНДАРМААД НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 6 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ-
2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан.Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан. Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.Гэвч тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдсан юм. 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.
-ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР МАГАДЛАНГААР СУЛЛАГДСАН-
Ерөнхий сайд асан С.Баярыг /2021.07.05 / магадлангаар сулласан. Тэрбээр Булган аймагт ял эдэлж байсан учраас Булган аймгийн шүүхээр хэлэлцэж, шийдвэр гаргаж байв. С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон бол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдлэн хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Тухайлбал, ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэдэг. Энэ дагуу түүнийг сулласан.
Н.НОМТОЙБАЯРЫН ХОЁР ЖИЛ НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ ХАСАЖ, НЭГ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН-
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй байхад буюу 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр цагдан хорьсон билээ. Шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноож тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нд суллагдсан.
-ЖДҮ-Д ХОЛБОГДСОН Б.БАТЗОРИГТ НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ-
ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
-Г.СОЛТАНД ГУРВАН ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН Ч ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДАВ-
УИХ-ын гишүүн асан Г.Солтан гишүүний хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн зээл нь нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байсан. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг Г.Солтан гишүүн эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн байдал тогтоогдсон байдаг.Гурван шатны шүүх тус хэргийг хэлэлцээд Г.Солтан нь “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял шийтгэсэн юм. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 13 иргэнд уучлал үзүүлсэн хүмүүс дунд Г.Солтан багтаж, шоронгоос суллагдсан.
-ГУРВАН ЖИЛ ЗУРГААН САРЫН ХОРИХ ЯЛ АВСАН Д.ДАМБА-ОЧИР МӨН ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДАВ-
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм. Гэвч түүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өршөөл үзүүлж, сулласан.
-НАМААСАА ХӨӨГДСӨН Ц.САНДУЙ МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАДАГ-
Түүнчлэн хоёр жилийн өмнө МАН-ын Хяналтын хорооны хурлаар Ц.Сандуй, А.Ганбаатарыг намаасаа хөөсөн. Учир нь А.Ганбаатар нь Ц.Сандуйтай хамт 60 тэрбумын гэх асуудалд нэр холбогдсон юм. Тодруулбал, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх хэргээр. Өдгөө Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагчаа ажиллаж өнөөдөр /2022.01.31/тамирчдын хамт Бээжинг зорино.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна