Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудын ХЭН нь ХЭН бэ?

М.Төгөлдөр
2022/01/31

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж улмаар УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 онд баталж, үйл ажиллагаагаа  2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн байдаг.

Тус банк нь хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой ч барьцаа хөрөнгөгүйгээр их хэмжээний зээл гаргаж улмаар нийт хөрөнгийнхөө тал илүү хувийг найдваргүй зээлжилтэд оруулсан байгаа нь иргэдийн дургүйцлийг маш ихээр төрүүлж байгаа билээ. Уг асуудал иргэдийн анхаарлын төвд байсаар байна. 

Банкны зүгээс үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа тухай мэдээлдэг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр найдваргүй зээл болон улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлүүд, нэрстэйгээ ил болсоор байгаа. 

Хөгжлийн банк гэх тусдаа хуулиар зохицуулагдаж, Монгол улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээний зээлийн хөрөнгө эргэлдүүлж, бондын мөнгөний урсгал хариуцдаг уг банкны гүйцэтгэх удирдлагууд чухам хэн хэн байв. 

Анхны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: 


Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, банкны хувьд 2016 онд  үр ашиггүй төслийн санхүүжилттэй, 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай тухай мэдээлж байв. 

Түүнчлэн Н.Мөнхбатыг Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж, үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацаанаас өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авах ажлыг зохион байгуулж, хууль бус тогтоол гаргуулснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хөгжлийн банканд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Түүнчлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17.8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан. Мөн “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.6 тэрбум төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг мөрдөн шалгаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож,  ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ҮНДЭСЛЭЛЭЭР  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. 

ҮҮНИЙ ДАРААГААР БУЮУ 2016 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРД САНГИЙН ЯАМАНД АЖИЛЛАЖ БАЙСАН 

Д.БАТБАЯРЫГ гүйцэтгэх захирлаар томилов

Түүнийг 2016 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрснөөр томилсон байдаг.

Тэрбээр 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалсан. 

Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирал болсон байдаг.

Харин түүнийг болон нэр бүхий зургаан албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тухай хоёр хоногийн өмнө мэдээлсэн юм.

Зургаан сарын хугацаанд ажилласан Г.Амартүвшин сонгуульд нэр дэвшихээр болж ажлаа өгч байв

Түүний дараагаар 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлаар томилсон ч тэрээр нэг их удалгүй сонгуульд нэр дэвшихээр болж ажлаа өгсөн байдаг. Зургаахан сар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Хас банкны угшилтай хэд хэдэн хүмүүсийг Хөгжлийн банканд авчирч, тэр ч бүү хэл томоохон зээлүүд дунд Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан тухай баримт олны өмнө ил болсон. Түүнээс эдгээр гишүүдтэй дотны найзууд тул зээл өгсөн эсэхийг тодруулахад “Намайг захирлаар ажиллаж байхад зээл олгогдоогүй, 2019 оны 12 дугаар сарын 31-нд ажлаа өгсний дараа зээл нь гарсан юм байна лээ, энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн, миний нөлөө байгаагүй, харин улс төрчдийн нөлөө байсан байх” гэж хариулсан байдаг. 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шалгуулж байсан Ч.Энхбат 

Г.Амартүвшингийн дараа Хөгжлийн банк хэсэг хугацаанд гүйцэтгэх захиралгүй байсан ч тэргүүн дэд захирал Ч.Энхбат орлож байсан юм. Энэ хугацаанд мөн л улстөрчдийн хамаарал бүхий компанид зээл олгосон асуудал гарсан байдаг. Түүнийг эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрөгч оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн гарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эд хөрөнгөө тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-ынхан үзэж, нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон хэмээн мэдээлж байсан юм.  “Газ-Импорт” гэх компанид Банкны тухай хууль зөрчиж, их хэмжээний зээл удаа дараа олгож, 228.758.169.93 иенийг жилийн 6.89 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулсан ч “Газ-Импорт” компани өмнө нь авсан зээлийн зарцуулалтын баримтаа гаргаж өгөөгүй байхад зээл олгосон учир шалгаж байсан аж.

Тэрээр тухайн үед хөрөнгө орлого мэдүүлэхдээ жилийн 119 сая төгрөгийн цалинтай, 1,2 тэрбум төгрөгийн орон сууц болон автомашин, 11 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг. 

Сангийн яамныхнаар багаа бүрдүүлсэн Н.Мөнхсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв

2020 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банк ЗГХЭГ-ын харьяанаас гарч, Сангийн яам руу шилжсэн байдаг. Ийнхүү Г.Амартүвшингийн дараагийн гүйцэтгэх захирлаар Сангийн яаманд ажиллаж байсан Н.Мөнхсүхийг томилсон юм. Үндсэндээ удирдлага солигдох бүрт бүтэц өөрчлөгдөж, нутаг нуга, яам, хэлтсийнхэн нэг дор цугладаг гэж хэлж болохоор.  Н.Мөнхсүхийн хувьд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр очоод удаагүй байхдаа Тэргүүн дэд захирал, дэд захирал гэх статусыг хассан байдаг. Хаа газар шинээр томилогдсон дарга, захиралуудын жишгээр тэрээр Сангийн яамнаас томилогдож, Увсын гэх тодотголтой дарга нараар багаа бүрдүүлж байсан гэдэг.  Харин түүний халсан ажилтнууд шүүхэд гомдол гаргаж, ялсан тухай ч хэвлэлээр шуугиж байсан удаатай. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралын дараагийн томилгоо нь Н.Мандуул байв 

Улмаар Н.Мөнхсүх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж түүний оронд Сангийн яамны Санхүү бодлогын газрын даргаар ажиллаж байсан Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард томилсон юм. 

Тэрбээр 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, газрын дарга хүртэл дэвшин ажиллаж, Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон сүүлд гаргасан “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан гэдэг. Түүнийг одоогийн Сангийн сайд Б.Жавхлангийн шахаагаар орж ирсэн гэх яриа байдаг. Тэрбээр манайд өгсөн ярилцлагадаа "Хөгжлийн банканд 3,5 их наяд төгрөгийн актив хөрөнгө байхаас өнөөдрийн байдлаар 1,7 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна.  Зээл төлөгдөхгүй явсаар өнөөдрийг хүрэхэд барьцаанд байгаа эд хөрөнгүүд нь элэгдэлд орж байгаа" тухай тэрбээр хэлж байсан юм. 

Хөгжлийн банк байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Гол зорилго нь үндэсний хэмжээнд том төслүүдийг санхүүжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй. Гэтэл энэ бүх хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд болон удирдлагуудын холбогдсон хэргүүд, томилгоонуудаас харахад байгуулагдсан цагаасаа л улстөрчид, Засгийн газрын мөнгө угаадаг газар, хамаарал бүхий этгээдүүдийн дураараа олж авдаг хүүгүй шахуу, барьцаагүй олгодог зээлийн эх уурхай болж хувирчээ гэж хэлж болохоор байна. 

Эцэст нь Хөгжлийн банк гэх монгол улсын хөгжилд хөшүүрэг болох учиртай уг банкны алсын хараа, зорилгыг эрхэм уншигч танд толилуулж байна. 

                                                            МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

АЛСЫН ХАРАА

   ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ, ТЭРГҮҮЛЭХ САЛБАРЫГ ДЭМЖИГЧ БОДЛОГЫН БАНК БАЙНА.

ЭРХЭМ ЗОРИЛГО

   ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИЖ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА.

                                                                  Хөгжлийн банкны ҮНЭТ ЗҮЙЛС

  • Эх оронч сэтгэл 
  • Хөгжлийн төлөөх итгэл үнэмшил 
  • Ёс зүй, шударга байдал
  • Мэргэшсэн өндөр ур чадвар 
  • Ил тод байдал

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 4 цагийн өмнө
“Шалгуур үзүүлэлт, түүнийг хэмжих аргачлал боловсруулах нь” сэдэвт сургалт зохиох байгууллаа 6 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо 7 цагийн өмнө
СU сүлжээ дэлгүүрт танхайрсан этгээдийг шалгаж байна 8 цагийн өмнө
Жүдо бөхийн холбоо: Хуулийн байгууллагаар асуудал эцэслэгдсэний дараа хариуцлага тооцно 9 цагийн өмнө
2030 оноос хүмүүсийн 80% нь өдөр бүр ухаалаг роботтой харилцана 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10 цагийн өмнө
Зудын эрсдэлийн үнэлгээгээр долооон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна 10 цагийн өмнө
ШҮҮХ: 16, 32 настай эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэгт зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзлээ 11 цагийн өмнө
​ Япон Улсад амьдарч буй Монгол иргэдийн анхааралд 12 цагийн өмнө
М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 12 цагийн өмнө
Хөгжлийн банканд хураагдсан хөрөнгийн албадан дуудлага худалдаа маргааш болно Өчигдөр
Иргэд: Үндсэн хууль зөвхөн ард түмэнд үйлчлэх ёстой Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж авах боломжтой боллоо Өчигдөр
Э.Цэндбаатар: Би дэлхийн аварга болохыг зорьж байгаа Өчигдөр
Утааны сонсголын урьтал болгож гурван сэдвээр дэд хэлэлцүүлэг хийнэ Өчигдөр
Орон нутгийн сурагчид ирэх даваа гаргаас хичээллэж эхэлнэ Өчигдөр
Явган зам халтиргаатай байвал 11-310005 утсаар мэдээлэл өгнө үү Өчигдөр