Хилийн боомттой, боомт нь улирлын болон байнгын үйл ажиллагаатай аймгуудын эдийн засгийн чадавхи эрс өөр байдаг. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан гэж бий.
2021 оны байдлаар Дорноговь аймаг өрсөлдөх чадварын судалгаанд тэргүүлжээ. Учир нь тус аймаг Замын-Үүд болон Ханги гэсэн хоёр боомттой. Өмнөговь аймаг мөн л тэргүүн эгнээнд бичигдэж. Бусдыгаа тэргүүлсэн гол шалтгаан нь Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл уулын боомттой холбоотой. Бараг л бүх сум нь аймгийн төв, цаашилбал нийслэлтэй засмал замаар холбогдсон гэхэд дэгсдэхгүй Ховд аймаг Булган, Байтаг гээд хоёр боомттой, боомт нь баруун бүсийн худалдаа, эдийн засгийн гол коридор болж байна.
Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр баруун таван аймаг дотроо түүчээлэх Увс аймаг гэхэд Боршоо, Тэс гэж хоёр боомтоор хойд хөрш рүү иргэд нь саадгүй зорчиж, арилжаа наймаа эрхэлж, бараа таваар үүгээр зөөцгөөнө. Тэр тусмаа Боршоо боомт гол чухал үүрэг гүйцэтгэж буй. Коронавирусийн улмаас экспорт, импорт саатсан ч эргэн хэвийн горимд тус боомт хэдийнэ шилжсэн билээ.
Зүүн талын хязгаар Дорнод аймаг улсын хэмжээнд хамгийн олон боомттой нь. Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Хөөт гээд. Гэтэл Монгол орны нийт газар нутгийн 10 хувийг дангаар эзлэх, хүн ам хамгийн сийрэг суурьшсан, хамгийн алс Говь-Алтай аймаг хоёр боомттой боловч Бургастайн боомт нь жил дамнан хаалттай байсны эцэст энэ сараас нээгдэж, үүгээр “Алтайн хүдэр” компанийн төмрийн хүдрийн экспорт зөвхөн гарч эхэллээ. Сайн мэдээ гэвэл хил дээр хуримтлагдсан төмрийн хүдэр гарахаар болсон байна. Тус компани олборлолт явуулж эхэлсэн цагаасаа хойш Бургастайн боомтоор төмрийн хүдрээ урд хөршид нийлүүлж байгаа. Өөр экспортын бараа, бүтээгдэхүүн тус боомтоор гарсангүй. Хатуухан хэлэхэд, ганцхан компанийн л бизнесийн үйл ажиллагааг дэмжих төдий хэмжээнд Бургастайн боомт одоогоор ажиллаж байна.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” улс орны хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлсон. Үүний нэг нь боомт. Боомтын гацааг арилгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нээх, дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын шийдэх нэн тэргүүний ажил юм.
Бургастайн боомт нь БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны дотоод асуудлаас болж хөгжил нь царцсан гэдэг. Тиймээс хоёр дахь боомтын асуудал тун чухал болж байгааг илүү сайн мэдэх, орон нутгийн иргэд, аймгийн удирдлагууд ч тэдэнд уг асуудлаар өнгөрсөн хугацаанд цөөнгүй ханджээ.
Хоёр дахь боомт нь Нарансэвстэй. Энэ боомт хил залгах Ганьсу мужийн хөгжилд Төв Хятадын зүгээс ихээхэн ач холбогдол өгч, Нарансэвстэйн боомт хүртэлх дэд бүтцийг олон улсын норм стандартаар нь барьж байгуулж, бэлэн болгожээ. Өөрөөр хэлбэл, өмнөд хөрш боомтын хөгжилд онцгой анхаарч байгаа нь 30 жилийн турш ашиглагдаагүй Нарансэвстэй боомтын цаадах бүтээн байгуулалтаас харагдана.
Байгуулагдсан цагаасаа хойш ердөө хоёр удаа нээгдээд хаагдсан Нарансэвстэйг сэргээн нээх асуудалтай хамт өөр нэгэн асуудал хамт босож байгаа. Тус боомт руу хүрэх 30 жилийн өмнөх авто зам Говийн их дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн “А” бүсээр дамжин өнгөрдөг. Энэ байдлаасаа болж Нарансэвстэй 1993 онд хаагдсан ажээ. Тэгвэл уг маршрутыг өөрчилж, Алтай сумаас Нарансэвстэй, Нарансэвстэйгээс Шивээхүрэн чиглэлд хил дагуулан хөгжүүлэх хувилбарыг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар танилцуулав.
Алтай сум хүртэлх 500 км үргэлжлэх дэд бүтцийг бүтээн босгоход шаардлагатай санхүүжилт болон засмал замыг барьж байгуулахад Хятадын Ганьсу муж өөрийн хөрөнгөөр туслах, бүрэн хариуцан хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Үүнд дөрөөлж орон нутгийн зүгээс хоёр талын яриа хэлэлцээний эрч сулархаас өмнө цаг хугацаа хожиж эхлүүлэхээр зорьж, шамдаж байгаа юм байна.
Говь-Алтай аймаг нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд 4 төсөл арга хэмжээг хөгжүүлэхээр үндсэн чиглэлээ болгожээ. Үүний нэг нь сумдын шинэчлэл, хөдөөгийн хөгжил.
Орон нутгийн хөгжлийг дараагийн түвшинд авчрах, үүнд түлхэц болох хөшүүрэг нь боомт гэж томъёолжээ. Бургастайн боомтоос бид хөдөлж, Алтай сумын төвөөр дайран хилийн зурвас даган 500 гаруй км давхисан. Энэ зуур хавтгай, хулан, хар сүүлт таарсангүй. Шувуу ч харагдсангүй. Өвс ургамал ч үзэгдсэнгүй. Баянбүрд ч гарч ирсэнгүй. Нарансэвстэйн хүрэх замд хилийн цаахна буюу БНХАУ-ын талд нүүрсний уурхай ойр ойрхон тааралдаж байлаа. Хил рүүгээ тулгах шахуу өмнөд хөрш байгалийн баялгаа олборлон, боловсруулж хязгаар нутгийнхаа эдийн засгаа дэмжиж байгаа нь илт. Харин манай талд өвс ургамал үгүй, ан амьтны бараа сураггүй их хөндий хоолой барагдахгүй үргэлжилнэ. Нөгөө талд урд хөрш хилээ хамгаалан хашаа татаж, бүрэн камержуулсан нь амьтан шургах нь бүү хэл хүн давах эцэсгүй аж.
Нарансэвстэй боомт дээр 30 жилийн өмнө “Цагаан хэрэм”-ээ дүрслэн барьсан боомтын барилга саяхан л ашиглалтад орсон гэмээр сүрлэг, шинэхэн харагдана. Харин бидний эх орны босго болсон боомтын барилга хаалга, цонхгүй, хана туурга нь эвдэрч нурсан, эзгүй айл шиг л байна билээ дээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна