Монгол Улсын Их Хурал 30 жил: Эвдэгдэхгүй рекорд, энгүүн амжилт

М.Ариунжаргал
2022/06/20

Үе үеийн Улсын Их Хурал тухайн цаг үеийнхээ хүнд ачааг үүрдэг. Өөр өөр намыг төлөөлж, ажилладаг учир Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр гишүүд санал бодол зөрж, маргалдах явдал байнга гарна. Гэхдээ тэр бүх халуун маргаан, мэтгэлцээний цаана Монгол Улсаа, ард түмнээ гэсэн санаа зориг гишүүн бүрийн сэтгэл зүрхэнд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ дундаас ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны (1992-1996) Улсын Их Хурал Монгол Улсад эрх зүйн цоо шинэ тогтолцоог бий болгох анхны шанг маш амжилттай татаж, ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан. Энэ утгаараа парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, дэлгүүрийн лангуунд эх орны үйлдвэрийн гоймон, давс хоёроос өөр зүйлгүй шахам, хүнсний зүйлээ зааж өгсөн хэмжээгээр картаар авдаг байсан хүнд үед хүн ардаа наад захын хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах, өлсгөлөн бий болох нөхцөл байдлыг хаахын тулд цаг нарыг, амралтыг умартан ажилласан гишүүд бол 1992-1996 оны нэг ангийнхан билээ. Өнөөдрийн өндөрлөгөөс тухайн үеийн Улсын Их Хурал, түүний байгуулсан П.Жасрайгаар ахлуулсан Засгийн газар юу хийж чадсан нь, бас юуг хийж чадаагүй нь он жилийн уртад улам бүр бүдгэрч байх шиг. Гэвч нийгмийн шинэчлэлийн ОРОО БУСГАА гэгддэг цаг үеийг туулан, эдүгээ нийгмийн харилцааг зохицуулж буй бүх хуулиудыг анхдагчаар хэлэлцэн, баталсныг дахин дахин эргэн дурсаж, санаж байх учиртай. Зарим асуудлыг шийдвэрлэхдээ цаг хугацаа алдсан нь ч бий. Анхны юм бүхэн алдаа, оноо хослуулж, сайныг нь бататгаж, алдсанаа засаж явдаг учиртай. Тэр жишгээр парламентын хөгжлийн түүх үргэлжилж буй юм.


1992-1996 оны Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа 369 хууль баталж, 374 тогтоол гаргажээ.  Тухайлбал, 1992 онд Албан татварын багц хууль, Төсвийн тухай хууль, 1993 онд Онцгой албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталж, улсын төсвийн орлогын бүрдэлтийг хуульчилж өгснөөр төсвөөс санхүүжиж байсан аж ахуйн нэгжийн тоог цөөрүүлж, зарлага санхүүжилтыг сайжруулах дэс дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр төсвийн урсгал тэнцэл 1993 оноос хойш ашигтай гарч, төсвийн алдагдал харьцангуй буурчээ. Гадаад худалдаа ч өргөжиж, тулгамдаж байсан гадаад өрийг үндсэнд нь барагдуулахын зэрэгцээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шинэчлэн баталж, гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирэх нэн таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Гадаад бодлого, засаг захиргаа, нутаг дэвсгэр, төрийн алба, шүүх эрх мэдэл, эрүүгийн болон иргэний хуулиуд, худалдаа, эдийн засаг, татвар, хөдөө аж ахуй, газар тариалан, харилцаа холбоо, эрчим хүч, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчныг хамгаалах гээд одоогийн мөрдөж буй бүх хууль тогтоомжийг ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу боловсруулан, баталсан юм. Мэдээж аль ч парламентад үйл ажиллагааны гол хэсэг нь хууль тогтооход чиглэгддэг гэдэг утгаараа анхны парламентад улс орныхоо эрх зүйн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх амаргүй үүрэг оногдож, үүнийгээ ч нэр төртэйгээр даван гарч чадсаныг баталсан хууль тогтоолын чанар хийгээд тооноос харж болно.  Үүнээс гадна гадаад орнуудын парламент, олон улсын байгууллагуудтай ажил хэрэгч холбоо тогтоож, цаашид тогтвортой үргэлжлэх үндсийг тавьж өгчээ.


Анхны парламентаас батлан гаргасан хууль тогтоол, хийж гүйцэтгэсэн бусад ажил нь Улсын Их Хурлын гишүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцааг тасралтгүй үзүүлэх чиг үүрэгтэй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын хүчин чармайлт, бүтээлч хөдөлмөрийн үр дүнтэй мөн салшгүй холбоотой. Тамгын газар энэ хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай мэдээллийн санг бий болгохоос эхлээд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлсэн байдаг.  

Анхны парламентын гишүүд сонгогчдын итгэл найдварыг биелүүлэхийн төлөө эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан ажилласан. Дөрвөн жилийн турш төрийн сүлдэт танхимдаа тохой залган суусан түшээдийг маргалдаж мэтгэлцэхдээ ч хүн ёсны хэмжүүрээ алдаагүй гэдгийг тэдний өөрсдийнх нь бүтээсэн түүх, дурсамж гэрчилдэг. Голдуу нэг намын төлөөлөлтэй ч олон ургальч үзлийг уралдуулсан, аль намаас сонгогдсоноосоо үл хамаараад олонх, цөөнх болж мэтгэлцэхдээ нэгэндээ хүн ёсоор ханддаг байлаа гэж дурсамж яриандаа бүгд л өгүүлсэн байх юм.

Булган аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Гүндэнбалын дурсамжийг уншиж суухуйд “1992-1996 оных шиг тийм хүчтэй, тийм ажил хэрэгч, шударга ажиллах парламент ойрын 30 жилд дахин заяахгүй болов уу. Түүх өөрөө үүнийг батална” гэсэн мөрүүд өөрийн эрхгүй анхаарал татав. Сансарт нэг байранд бөөнөөрөө амьдардаг, орой ажлаа тараад нэг автобусаар харьдаг. Хурал ихэнхдээ шөнийн 23 цаг хүргэдэг, тэр тоолонд дэд дарга Ж.Гомбожав “Та нарт автобус гаргаж хүргэж өгнө” гэхээр ямар ч байсан явган харихгүй юм байна гэж тайвширдаг байсан гэж Баянхонгор аймгаас сонгогдсон Б.Гомбо гишүүн дурссан бол Дорноговь аймгаас сонгогдсон Ё.Адилбиш гишүүн “Тэр үед ардчилсан шинэ Үндсэн хуульд нийцсэн нэг ч хууль Монгол Улсад байсангүй. Тиймээс нийгмийн шинэ харилцааг зохицуулсан гол гол хуулиудыг нэн яаралтай батлах, гэхдээ чанартай боловсруулан баталж, мөрдүүлэх тун хариуцлагатай үүргээ бид ухамсарлаж тунчиг завгүй ажиллаж байв. Долоо хоногийн дөрвөн өдөр нь чуулганы нэгдсэн хуралдаантай. Хоёр өдөр нь байнгын хороо болон намын бүлгийн хуралдаантай. Өөрөөр хэлбэл даваагаас бямба гаригийг дуустал хуралддаг байлаа. Заримдаа шөнө дөл болтол хуралдаж, завсар чөлөөгөөр нь хэлэлцэх хуулийн төслүүдээ уншиж танилцах, саналаа боловсруулах, сонгогчидтойгоо уулзаж, санал хүсэлт, өргөдлийг нь судалж хариу өгөх, нийгэм, улс төрийн шинжтэй арга хэмжээнүүдэд оролцох гээд ёстой л цаг наргүй ажилласан. Сард 8400 төгрөгийн цалинтай, өөр нэмэгдэл орлого үгүй, хэвлэлээ өөрсдөө захиалдаг, гар утас нэвтрээгүй тийм л үед төрийнхөө төлөө, сонгогч олны итгэлийг дааж “чөмгөө дундартал” ажилласандаа харамсдаггүй. Одоогийн парламентын залуу гишүүд харьцуулж нэг бодоход илүүдэхгүй сургамжтай байж мэднэ” хэмээжээ.

Ховд аймгаас сонгогдсон гишүүн Ж.Бямбадорж “Нэг өдөр С.Зориг олонх руугаа ээлжит дайралтаа хийж, түүнд нь М.Зэнээ, Р.Цагаанхүү нарын зэрэг гишүүд дургүйцэн, хатуу ширүүн үг хаялцаж эхлэх нь тэр. Маргаан ширүүсэж, сайн муу үгээр дайралцаж байхад С.Зориг ёжтой нь аргагүй инээж байгаад мань өвгөнд (Р.Цагаанхүүд) хэдэн “өмхий” үг хаяглаад хаямагц “Ул нь ханзарсан орос бахиал шиг юм чинь яах нь вэ” гээд микрофоноор чанга гэгч нь хэлээд орхив. Танхим тэр чигээрээ нирхийгээд л явчихаж билээ. Сахал нь ургачихсан, шүд нь онгорхой, инээмсэглэн ярьж суугаа Зоригийг хажуунаас нь харсан хэн хүнгүй “Мөн дөө” гэж инээлдээд хурал завсарлав. Завсарлагаан дуусаад танхимд орж ирэхэд мань хоёр зэрэгцээд суучихсан, байдгаараа инээлдчихсэн, юу ч болоогүй аятай байж билээ. Маргалдаж, мэтгэлцэхдээ хатуу ширүүн үг хаялцах боловч гараад л ахан дүүс, найз нөхөд шиг байдаг сайхан уламжлал үе үеийн парламентад тогтсоны нэгээхэн жишээ нь энэ юм” гэж бичжээ. 

Дундговь аймгаас сонгогдсон гишүүн С.Батмөнх “Гишүүдийн бараг талаас илүү нь Сансарын 12 дугаар хорооллын 3-ын А байранд амьдардаг. Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн авто баазын Бенз маркийн гурван микро автобус бидний дунд үйлчилдэг байлаа. Энэ 12 давхар байрны 1-4 давхрынхан 00-01 УБЗ, 5-8 давхрынхан 00-02 УБЗ, 9-12 давхрынхан 00-03 УБЗ –д суугаад цуваагаар явж Ордонд ирдэг байв. Энэ бол эвдэгдэхгүй рекорд. Нэгдсэн унаагаар ажилдаа ирж, очдог байсан болоод ч тэрүү аль ч хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүйгээс болоод хуралдаж чадахгүй тарж байсан удаагүй. Энэ бол цаашид бас ч гэж яаран эвдэгдэхгүй бас нэгэн рекорд. Бидний үед гишүүдийн нэрээр улсын төсвөөс нэг ч төгрөг авч, сонгогчдын итгэлийг эвдэн, бухимдуулсангүй. Энэ бол хэзээ ч үл эвдрэх дархан рекорд байж мэднэ” гэж дурсчээ.

Тэдний дурсаж байгаачлан анхны парламентынхан эвдэгдэхгүй олон амжилтын эзэд. В.Алзахгүй, Ц.Намхайнямбуу нарын гишүүд “Өглөөд жижиг автобусандаа багталцаж ядан сууж, орой эртхэн тарвал голдуу алхана. Сансарын тунелийн урд зам алхахад сүрхий өгсүүр, замдаа таньдаг хүнтэй таарвал сүрхий саатна” хэмээн дурсамж өгүүлжээ. Тэр үед үнэхээр ийм байсан гэвэл одоогийн зарим хүмүүс үнэмшихгүй ч байж мэднэ. Эвдэгдэхгүй рекордын утга учир чухамдаа энэ бус уу. Өөрсдийн цалинг нэмэхээс өмнө ард иргэдийн амьжиргаанд санаа нь чилдэг, илүү цагаар ажилласан ч эрх ямба нэхээгүй даруу, эх орныхоо төлөө гэсэн хатуу бодолтой, элдэв хээл хахууль, хууль бус үйл ажиллагаанд автаагүй, амин хувийн ашиг сонирхлоо ардаа тавьдаг, оюутны байрныхан шиг илүү дутуугаа нэгнээсээ нөхөж амьдарсан гээд… энэ бүхэн тэдний тогтоосон энгүүн амжилт билээ.

1992-1996 оны парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад бараа бүтээгдэхүүн элбэгшиж, хүмүүс наймаа арилжаа хийж, өмчтэй болсон нь анхны парламент сайн ажилласны үр дүн гэж залгамж үе нь үнэлэн, хүндэлдэг юм.

Дөрвөн жил гэдэг нэгэн бодлын урт хугацаа боловч хэн хүний хувьд ухаанаа хурцалж, нүдээ нээн, ноён нуруугаа тэгшлэхэд богинохон хугацаа билээ. Энэ бүрэн эрхийн хугацаандаа хуралдаа идэвхийлэн оролцож, инээд хөөр элбэг дэлбэг, эгэл жирийн, сонгогч олондоо нэр хүндтэй үлдсэн анхны парламентын түүх он жилийн уртад улам бүр бүдгэрч байна. Мартаж үл болох…

 

Ш.Адъяамаа

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.60
2022/06/21
0
0
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчнөөр бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно [email protected] mail.com
Хариулах
66.181.191.36
2022/06/20
0
0
Яван чангардаг байтал энэ байгаагаараа бол ч дээ
Хариулах
Шинэ мэдээ
Жүжигчин Т.Билэгжаргал зуурдаар нас баржээ 10 цагийн өмнө
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарь 15 цагийн өмнө
Тавын даваанд унасан харцага цолтой бөхөөс допинг илэрчээ 17 цагийн өмнө
“Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
З.Энхболд: ​АН засагт орох тухай яриа ерөөсөө байж болохгүй 18 цагийн өмнө
“Аялал жуулчлалын салбарын мэргэжил сургалт, үйлдвэрийн төв” 2023 онд ашиглалтад орно 19 цагийн өмнө
"Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт нийтлэлийн уралдаан зарлалаа 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Төрийн өмчийн найман их сургуульд 20 сургуулийг нэгтгэлээ 20 цагийн өмнө
Хүүхдээ сургуульд бүртгүүлэх эцэг эхчүүдийн анхааралд 20 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: 21 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо 20 цагийн өмнө
Монголд 5G сүлжээ нэвтэрлээ 22 цагийн өмнө
“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийг байгууллаа 22 цагийн өмнө
Хөвсгөл нуурт 20 гаруй автомашин живсний тав нь шатахуунтай 22 цагийн өмнө
Зургаан настнуудын бүртгэл эхэллээ 22 цагийн өмнө
Ж.Мөнхбат: ҮХЦ хүний эрх, үнэт зүйлсийг хамгаалахад онцгой нөлөө үзүүлж байна Өчигдөр
Хэнтий аймгийн удирдлагууд сурагчийн дүрэмт хувцас өмсөхийг шаардахгүй байх шийдвэр гаргажээ Өчигдөр
УИХ-ын дарга олимпын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүлээ Өчигдөр
ТАНИЛЦ: Авлигал авч хүүхэд авдаг cургууль, цэцэрлэгүүдийг зарлалаа Өчигдөр
Тойргийн бус сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд хуурамчаар гэрлэх тохиолдол нэмэгджээ Өчигдөр