“Эрдэнэ монгол”-ыг нутгийн иргэдийн нэр барьсан хүмүүс эсэргүүцэн жагсаж байхад нинжа нар газар нутгийг нь ухаж байлаа

Admin
Өчигдөр

ШИНЭЖИНСТ СУМЫГ ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧИД СҮЙТГЭЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын газар нутгийг хууль бус алт олборлогчид цөлмөж, хайр найргүй хядаж, байгаль орчныг сүйтгэж байгаа гэх мэдээллийн мөрөөр бид тус сумыг зорилоо. Бидэнд ирсэн мэдээллээр нутгийн иргэд болон төрийн албан тушаалтнууд хууль бус алт олборлогчдын толгойг илж, хаацайлж, байгаль орчныг сүйтгэхэд гар бие оролцож, хариуцлагагүй уул уурхайг дэмжиж байгаа нь малчдад хүндрэлтэй, байгаль орчинд хохиролтой байгаа гэсэн юм. Иймд бид бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Шинэжинст сум, тэр дундаа хууль бус алт олборлогчид “үүрлэсэн” газрыг зорьж яваа минь энэ.


СУМАНД АЖЛЫН БАЙХГҮЙН УЛМААС ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОГЧИД НЭМЭГДЖЭЭ

Энхэл, донхол шороон замаар 200 гаруй километр давхиж, холын бараа, алсын зэрэглээг ширтэж явсаар нар нэлээд хэвийж байх үеэр Шинэжинст суманд очлоо. Шинэжинст суманд 2000 гаруй хүн амьдарч, аж төрдөг аж. Сумын иргэдийн амьжиргааг залгуулдаг орлогын ганц эх үүсвэр нь цагаан ямааны ноолуур гэнэ. Иргэд нь хаврын цагт ямаа самнаж, малчид нь ямааны ноолуураа өндөр үнээр тушааж, эдийн засгаа зузаатгаж авдаг гэнэ. Бусдаар эл суманд үйлдвэр, үйлчилгээний газар ховор учраас ажлын байр байхгүйтэй адил гэж хэлж болно. Харин сумын төвөөс хойш 10 гаруй километрийн зайд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд тус сумын цөөн тооны хүн ажилладаг гэнэ. Мөн хэдэн жилийн өмнөөс сумын төвөөс урагш 100 орчим километрийн зайд Монголын ба Торонтогийн хѳрѳнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс”-ын охин компани болох “Эрдэнэ Монгол” гэх компани хайгуулын лиценз авч, сумын иргэдийг ажлын байраар хангаж байгаа гэнэ. Ажлын байр байхгүйтэй адил учраас сумын иргэд, тэр дундаа залуучууд ажилгүй, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байгаа талаар иргэд нь ярьж байлаа. Ажилгүй иргэд олширсон учраас сумын иргэд бусдад газарчилж, газар, орон нутгаа хууль бусаар ухуулж, байгаль орчныг сүйтгэх нь эрчимтэй нэмэгдсэн талаар ч мөн ярьж байв.

Энэ талаар сумын нэгэн иргэн уулзаж, лавлахад “Шинэжинст сумын хоёрдугаар багийн нутаг, Сэгс цагаан богд хайрхны ойролцоох газруудад хайгуул хийхэд алт илэрдэг гэх юм билээ. Үүнийг сонссон иргэдийн цуваа тасрахгүй байгаа. Алтны төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахааргүй иргэд манай суманд ч байдаг бололтой. Айхтар үнэтэй хайгуулын тоног төхөөрөмжөөр тоноглож, үнэтэй машин унасан, баян хүмүүст газарчилж, энд, тэндгүй ухаж, байгаль орчныг хайр найргүй сүйтгэсэн нь үнэн. Хууль бусаар алт олборлож, хулгайн замаар явж байгаа хүмүүс бидний газар нутгийг хайрлана гэж байхгүй шүү дээ. Сумын төвөөс урагш хэдхэн километр яваад л хууль бус алт олборлогчдын ухан нүх, сэндийчсэн талбай хэдхэн арваараа бий. Хэн ч хайхардаггүй, нэмээд ухаад л байдаг. Өдөржин хайгуул хийж, орой нь цооног гаргаад нүх ухчихдаг. Тэгээд хэдэн шуудай шороо ачиж аваад л ор мөргүй алга болно. Говьд ямар ус байх биш. Ачиж авч яваад л угаагаад, юм болгодог юм байлгүй. Тэгээд ухсан нүхэнд нь мотоцикльтой хүн, бог мал унаж бэртэх нь ч бий, үхэх нь бий. Мөн хууль бус алт олборлогчийн ухсан нүх, хайгуул хийсэн талбайн ойр орчим хогон далай болж хувирдаг” гэв.

НИНЖА НАР ЦАГААН ДЭРСИЙН ОЙРОЛЦОО ЦООНОГ ҮҮСГЭЖ, ХОЁР ГА ТАЛБАЙГ СҮЙТГЭЖ, СЭНДИЙЧЖЭЭ

Бид түүний зааж өгсөн замаар Шинэжинст сумаас урагш хөдлөв. Мэнэрсэн их талаар давхиж, хоёрдугаар багийн нутаг болох Цагаан дэрс гэх газарт ирлээ. Нүд халтирам болжээ. Хоёр орчим га талбайг сэндийчиж, хогон овоо босгосон байв. Энэ газраас 200 орчим метрийн цаана цэнхэр өнгийн, Баянхонгор серийн дугаартай суудлын автомашин зогсож байлаа. Харин машины цаад талд холгүй хоёр хүн яг л эд зүйлээ гээчихсэн аятай бөхөлзөж, эрэл хийж байгаа нь илт харагдана. Дуудаад, дуудаад сонссонгүй. Биднийг ирснийг ч мэдэхгүй, анзаарах сөхөөгүй эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байв. Дөхөөд очвол тэд хайгуулын багаж гартаа барьчихсан, чихэндээ том том чихэвч зүүчихсэн, хүний дуу сонсохтой мантай алт илрэх эсэхийг сонсоод улайрч байв.

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧ: ЭНЭ ХЭСГИЙГ АЛТТАЙ ГЭДГИЙГ БҮГД Л МЭДЭЖ, УХДАГ ШҮҮ ДЭЭ

Биднийг түүний хажуугаас 10 орчим алхмын цаана алхаж явахад саарал өнгийн хувцастай, буурал үстэй 50 орчим насны эр анзаарч, машин руугаа хурдан хурдан алхлаа. Түүний тосож очоод, хууль бус алт олборлож, байгаль орчныг яагаад сүйтгэж байгаа талаар нь лавлахад “Бид алт хайгаагүй. Түрүүн явж байгаад мотоциклийн боолтоо унагаачихсан юм. Тэгээд түүнийгээ хайгуул хийдэг төмрийн багажаар хайж байна. Гэхдээ энэ хэсэг, энэ нутгийг алттай гэдгийг бүгд л мэдэж, ухдаг шүү дээ. Би мотоциклийн эд зүйлсээ хайнгаа алт байгаа эсэхийг багажаар шалгаад явж байна. Алт олборлох нь хууль бус гэдгийг мэдэж байгаа. Хүний амьдрал шүү дээ. Байгаль орчин сүйтгэж байгааг мэдэж байна. Одоо дахиж ухахгүй ингээд явлаа” хэмээн машиндаа суугаад, хайгуул хийж байгаа өнөөх хүн рүүгээ хар хурдаараа давхив. Тэгээд хамт явсан хүнээ хальт мулт суулгасан болоод машиныхаа хаалгыг гүйцэт ч хаалгүй тоос манарган зүүн тийшээ давхиад явчихлаа. Тэднийг ийн зугтааж байх хооронд гурван ч том оврын автомашин тус газрын ойролцоо ирснээ замаа буруулаад алга болно лээ.

Энэ газарт хууль бус алт олборлогчид үүрлээд уджээ. Энд, тэндгүй нүх ухаж, газар дор туннел гаргаад ухчихсан, хог, шороогоо замбараагүй хаяжээ. Хэн ч эл газарт анхаарал хандуулж, янзалдаггүй бололтой. Буйд тосгоны хээр тал хогондоо дарагдаж, хүн, мал амьдрах аргагүй болсон нь эмгэнэлтэй. Энэ хавьд олон айл хаваржиж, зусдаг. Малын бэлчээрийн газар гэсэн үг. Хууль бус алт олборлогчдын сүйтгэсэн эзэнгүй талбайд биднийг зогсож байх хойгуур хойд уулан дээгүүр шиллэж явсан мотоцикльтой эр давхиж ирэв.

МАЛЧИН: ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧИД НУТАГ ДУУСГАХ НЬ

Тэр хоёрдугаар багийн малчин гэнэ. Хэдэн тэмээгээ хайгаад, урагшаа говь ороод буцаж яваа нь энэ гэнэ. Тэрбээр нэрээ хэлэхээс татгалзав. Учир нь, сумын ганц, хоёр малчин түүнийг хууль бус алт олборлогчтой тэмцэхээр нүд үзүүрлэж, “Зөвшөөрөл авсан компаниудтай нийлж, ядарсан иргэдээ матаж, орлогогүй болгож байна” хэмээн загнаж, дээрэлхдэг талаар тэрбээр учирласан юм. Бүүр зохион байгуулалттайгаар дайрч, аймгийн тэмцэгч нэртэй иргэдэд хэлж, ад шоо үзэж, малыг нь бэлчээргүй болгоно хэмээн дарамталдаг гэнэ.

Тэрбээр “Хууль бус алт олборлогч хэрээс хэтэрлээ. Онгон дагшнаараа байсан байгаль, эх нутаг минь хариуцлагагүй хүмүүсийн балгаар сүйдэж, мал ч бэлчих газаргүй болох нь. Та нарын энэ зогсож байгаа газар ердөө л ганцхан жишээ. Энэнээс ч дор болчихсон талбай манай хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хаа сайгүй бий. Нинжа нарын ухсан нүхэнд мал орж гэмтэх, үхэх нь элбэг. Тэгээд энэ эзэнгүй говьд малаа байнга хүнтэй, хараа хяналттай бэлчээрт гаргаж байна. Өнгөрсөн хавар нэг залуу энүүгээр мотоцикльтой давхиж байгаад ухсан нүхэнд унаж, үхэнгээ алдсан” гэв. Мөн тэрбээр “Энэ хавиар машин тэрэг холхих, хүмүүсийн хайгуул хийх цуваа тасрахгүй. Одоо бүүр цагаандаа гарсан. Би та хэдийг дээрээс дурандаж байгаад ашгүй албаны хүмүүс ирээд, хууль бус алт олборлогчдыг хөөгөөд явууллаа гэж бодоод давхиад ирлээ. Сум орон нутаг руу мэдэгдэхээр тоож байгаа юм байдаггүй юм. Тэмцэхгүй болохоор хууль бус алт олборлогч нэмэгдэлгүй яах вэ дээ. Эцэст нь энэ говь мал бэлчээх газаргүй, нөхөн сэргээлт хийгээгүй хээр талтай л үлдэх нь дээ” гэсэн юм.

ИРГЭД БУУХ ЭЗЭН, БУЦАХ ХАЯГТАЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИТАЙ ТЭМЦЭЖ БАЙХААР ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧТОЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Шинэжинст сумын зарим малчин, Баянхонгор аймагт амьдардаг иргэд нийлээд өнгөрсөн хавар хэвлэлийн бага хурал зарлаж, “Сэгс цагаан богд уулыг ухах гэж байна. “Эрдэнэ Монгол” гэх компани газар нутгийг сэндийчиж байна” хэмээн Төрийн гурван өндөрлөгөөс тусламж гуйж, жагсаал зохион байгуулсан. Харин тэд зөвшөөрөлтэй уул уурхайн компанид биш, хууль бус алт олборлогчид газар нутгаа цөлмүүлж байгаагаа ухаарах цаг нь болсон гэдгийг нутгийн зарим иргэн ярьж байв.

Энэ талаар хоёрдугаар багийн малчин М хэлэхдээ “Эрдэнэ Монгол” ХК нутгийг минь цөлмөж, сүйтгэж байгаа гээд л зурагт, радиогоор ярих юм. Манай нутгийн ганц, хоёр иргэн аймгийн тэмцэгчидтэй нийлээд яваад л байгаа сураг гарна лээ. Тэрнээс яг газар нутагт нь амьдарч байгаа хүмүүс тэмцээгүй шүү дээ. Гэхдээ одоогийн байдлаар тус компанийн хариуцаж байгаа газарт ухсан талбай алга байсан. Харин ч эсрэгээрээ тус компанийнхан тав, зургаан хүлэмж босгоод говьд нөхөн сэргээлт хийх өвч, ургамлаа үрсэлгээг  хийчихсэн байж байна лээ. Заг, лидэр гээд говийн ургамлыг хүлэмж, хүлэмжээр нь ургуулчихсан, нөхөн сэргээлт хийх бэлтгэлээ хийж байна. Сайхан ч ургаж байгаа харагдсан. Олборлолт, ашиглалтаа эхлээгүй байж ойжуулах, нөхөн сэргээх ажилдаа хамаг анхаарлаа хандуулж байгааг чинь хариуцлагатай уул уурхай гэх байлгүй дээ. Харин энэ нутгийг хариуцлагагүй, мөнгөний төлөө шунал өвөртөлсөн, хууль бус алт олборлогчид хэдхэн жилийн дараа цөлмөөд дуусах нь. Тэд компанийн нэрээр халхавч хийж, чоно борооноор гэгчээр л дайрч байгаа. Хэн ч тэмцэхгүй байгаа нь хачирхалтай. Нөхөн сэргээлт хийх талаар огт ярихгүй хэрнэ “Эрдэнэ Монгол” ХК руу дайрч байгаа нь зохион байгуулалттай байх гэж хардаж байгаа” гэсэн юм.

Бодит байдал ийм байна. Нутгийн иргэд, аймгийн төвийн тэмцэгчид хууль бус алт олборлогчтой ган гэж ч харьцдаггүй, тэмцдэггүй. Харин ч хууль ёсны зөвшөөрөлтэй компанийн талаар худал мэдээлэл тарааж, тэмцэл нэрээр халхавч хийн, хууль бус алт олборлогчдыг өөгшүүлж, нутгаа сүйтгэхэд гар бие оролцож байна гэхэд нэг их буруудахгүй болов уу. Баянхонгорчуудаа, Шинэжинст сумын удирдлагуудаа хууль бус алт олборлогчтой тэмцэх цаг нэгэнт болжээ. 


3
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 7 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 7 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 9 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 9 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 9 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 12 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 12 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 14 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 14 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 16 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 16 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 16 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 16 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр