Төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд дайчилж байгааг буруушаав

М.Төгөлдөр
2024/05/30

Ардчилсан намаас (АН) пүрэв гараг бүр зохион байгуулдаг 4/11 мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “УИХ-ын сонгууль болоход нэг сар орчим хугацаа үлдлээ. Энэ хугацаанд шударга сонгууль явуулахын тулд АН-ын зүгээс ёс зүйтэй хандаж байгаа. Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллагаас тавдугаар сарын 25-ны өдөр СЕХ-нд 126 нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүлсэн. Тэдний 102 нь салбартаа тэргүүлэгч, шинэ залуучуудын төлөөлөл бол 24 нь УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан ард түмний итгэлийг даах туршлагатай. Хүйсийн харьцаагаар авч үзвэл 88 нь эрэгтэй, 38 нь эмэгтэй буюу Сонгуулийн тухай хуульд заасан 30 хувийн босгоо АН хангасан” гэв. Мөн тэрбээр АН-аас нэр дэвшигчдийн 10 нь багш, найм нь эмч, 22 нь инженер, 31 нь эдийн засагч, 28 нь эрх зүйч, зургаа нь сэтгүүлч, улс төрийн чиглэлийн хоёр хүн багтсан гээд салбар бүрийн төлөөлөл бийг хэллээ. Эрдмийн цол зэргийн хувьд нэр дэвшигчдийнх нь 47 нь бакалавр, 63 нь магистр, 16 нь профессор, дэд профессор аж. Тэдний 73 нь дотоодод, 53 нь гадаадад сургууль төгсжээ.

СЕХ-ноос зургаадугаар сарын 1-ний өдөр 126 нэр дэвшигчийн бүртгэлд зөрчил байгаа, эсэх талаар мэдээлэх юм. Одоогоор тус хорооноос ямар нэгэн зөрчилтэй гэсэн мэдээлэл ирүүлээгүй, АН-ын Сонгуулийн штабын ажил хэвийн үргэлжилж байгааг тодотгов.

АН-ын дэргэд “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг байгуулагдсан. Тэдний зүгээс ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хууль зөрчиж, илтэд давуу байдлаа ашиглан, хүмүүст нөлөөлөх оролдлого хийж буй талаар мэдээлж байсан. Энэ тухай АН-ын дэд дарга И.Мөнхжаргал мэдээлэл өгөв. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сараас хойш өгсөн мэдээлэлдээ сонгуульд шударгаар өрсөлдөнө, энэ удаагийн парламентын сонгууль шинэ залуу үеийг гаргаж ирнэ, зарчимтай байна, авлигатай тэмцэнэ гэж буй. Энэ үгэндээ хүрэх, шударгаар өрсөлдөхийг АН-аас уриалж байна. Ч.Хүрэлбаатар сайд дээр цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд шалгаж байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 12-14-нд Сүхбаатарт дүүрэгт 1000 оюутны сагсан бөмбөгийн тэмцээн зохиох үеэрээ тус бүрт нь 100 мянган төгрөг тарааж, УИХ-ын сонгуульд өөрийг нь дэмжээрэй гэж мөнгө тараасан. Тэдгээр оюутан хуулийн дагуу СЕХ, АН-д мэдээллээ өгч байгаа” гэв. Хэрэв таны саналыг хэн нэгэн худалдаж авахаар мөнгө өгсөн талаар мэдэгдвэл Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 81.7-д тухайн мөнгийг нь 10 дахин өсгөж өгөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, хэрэв таныг саналаа худалдахыг ятгаж, мөнгө өгвөл энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдсэнээр тухайн мөнгийг 10 дахин өсгөж авах сонголт бий юм.

МАН төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд асар ихээр дайчилж, дарамт учруулж байгаа, яам, тамгын газрууд эзгүйрсэн талаарх мэдээлэл ирүүлж буй аж. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, албан хаагчдыг хөдөө рүү явуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийлгэж байгаа хууль бус үйлдлээ зогсоох шаардлага хүргүүлж байгаагаа АН-ынхан мэдэгдэв. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний сурталчилгаанд ч төрийн албан хаагчдыг дайчилж буйг эсэргүүцлээ. Малчдад ямар нэгэн барьцаагүйгээр зээл өгч байгаа нь хадгаламж, зээлийн хоршооны хэргийг давтах эрсдэлтэйг ч сануулав. Сонгуулийн дараа асар олон хүн өртэй болж, ямар ч тооцоо судалгаагүйгээр малчдад бэлэн мөнгө тарааж буй нь инфляцын түвшин хоёр оронтой тоог давж, мөнгө үнэгүйдэж, ам.долларын ханш өсөхөд нөлөөлнө гэлээ. Хэрэв сонгуулиар дээр дурдсанчлан Засгийн газрын гишүүн нь мөнгө тараавал АН болон бусад бүх нам, нэр дэвшиж буй эмэгтэйчүүд, залуучуудад боломж гарахгүй гэдгийг анхааруулсан юм.  

АН-ын жагсаалтын 35-д бичигдэж буй, АН-ын сонгууль эрхэлсэн төв байгууллагын менежер Б.Баттөмөр “2024-2028 онд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн өнгө аяс ямаршуухан байх вэ гэдгийг шийдэх үе ирээд байна. Бизнес эрхлэгчдийн төлөөллийг өчигдөр барьж хорилоо. Манай намын хувьд бизнес эрхлэгчдийг төр дарамталж байгааг эсэргүүцэж, дуу хоолойгоо үргэлж хүргэсээр байх болно. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1300 гаруй иргэнийг зөвхөн үг, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө саатуулсан гэх статистик бий. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаад байна уу даа гэсэн хардлагыг төрүүлж байна” хэмээн онцлов.

Өдгөө зам засах нэрээр хэвийн байгаа замууд дээр асфальт давхарлаж, суваг, шуудууг нь стандартын дагуу хийхгүй байгаа нь зөвхөн зам заслаа гэж харагдахыг хичээж байгааг илтгэж буй. Энэ нь дахиад үерт автах эрсдэл дагуулах тул иргэдийг хяналт тавихыг уриаллаа. Шинэчлэлийн Засгийн газрын үед АН нийслэлийн 33 уулзварыг шинэчилж, 21 аймгийг авто замаар холбож, дөрвөн жилийн хугацаанд 3000 км зам тавьсан. Харин МАН Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн 220 км замыг сүүлийн найман жил бариад ч дуусгаагүй, олон хүн эрдэнэт амиа алдсан эмгэнэлтэй дүр зураг бийг дурдлаа.

Сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ АН-ын Хуулийн хэлстийн мэргэжилтэн Х.Болдхүү “Сонгуулийн тухай хуульд өнгөрсөн жил оруулсан өөрчлөлтөөр тухайн жилийн төсөв арга хэмжээ, төлөвлөгөөнд оруулаагүй, янз бүрийн шинэ амлалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг эрх барьж байгаа намд хориглосон. Гэвч эрх баригч МАН “Шинэ хоршоо” хөдөлгөөн шинээр гаргаж ирсэн нь амлалтаасаа ухарсан гэсэн үг. Төрийн албаны маш том бүтцийг фронт байдлаар хөдөө орон нутаг руу эл хөдөлгөөнийг сурталчлуулахаар сум бүрт хоёр хүн ажиллуулж байна. АТҮТ-ийн машин оношилгооны инженер хүн “Шинэ хоршоо” хөдөлгөөний менежер ч юм уу хийгээд явж байна. Тэд мөн сонгуулийн сурталчилгаа хийх үүргийг давхар гүйцэтгэж байж магадгүй гэсэн хардлага бий” гэлээ.

АН-ын зүгээс шударга сонгуульд нэгдэхийг ард иргэдэд уриалж буйгаа мэдэгдэв. Тэд сонгуульд шударга оролцох албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буйгаа мөн илэрхийлсэн юм. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/30
0
0
Төрийн албан хаагчид үндсэн ажлаа хийхгүй сонгуулийн сурталчилгаанд худалдагдсан
Хариулах
Шинэ мэдээ
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 34 минутын өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 53 минутын өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 17 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 17 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 18 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 19 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 22 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр