Дундговь аймагт хонины ноосны бэлтгэл эхэлж, малчид ноосоо ангилан сумдын бэлтгэн нийлүүлэх цэг, хоршоод болон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байна. Одоогийн байдлаар хонины ноосыг чанар, ангиллаас нь хамааран килограммыг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байгаа аж.
Тодруулбал, түүхий ноосыг килограмм тутмыг нь 1800-2000 төгрөгөөр, үйлдвэрийн стандарт хангасан ангилсан ноосыг 2000-2500 төгрөгөөр авч байгаа бөгөөд чанартай ноос илүү өндөр үнэд хүрч байна.
2025 оны жилийн эцсийн урьдчилсан мал тооллогоор Дундговь аймаг 1.64 сая толгой хоньтой байгаа нь нийт мал сүргийнх нь 46 гаруй хувийг эзэлжээ. Монгол хонь дунджаар 1.2-1.5 кг ноос өгдөг тул өнөөгийн ханшаар нэг хониноос 2000-4000 төгрөгийн орлого олох боломжтой байна.
Хонины ноос нь эсгий, ширдэг, гутал, оймс, хөнжил, дулаалгын материал, ноосон утас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болдог. Гэсэн хэдий ч нэг хониноос олох орлого харьцангуй бага байгаа нь ноосыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатайг харуулж байгааг салбарынхан онцолж байна.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн-ийн хүрээнд ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байгаа нь ноосны эрэлт, үнэ ханшид эерэг нөлөө үзүүлж буйг салбарынхан мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна