Зуны улиралд ордог түр зуурын аадар бороо нэмэгдэж, гол мөрний усны түвшин огцом өсөх болсон нь үер, усны ослын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа Үндэсний их баяр наадмын урт амралтын үеэр гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалах иргэдийн тоо нэмэгддэгтэй зэрэгцэн усны ослын дуудлага ч өсөх хандлагатай байна.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, 2026 оны долдугаар сарын 10-18-ны хооронд гол, устай холбоотой 64 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид усанд эрсдэлд орсон таван иргэнийг аварч, үер болон усны аюултай бүсээс 88 хүнийг аюулгүй газарт гаргасны 35 нь хүүхэд байжээ.
Албаныхан усны ослын дийлэнх нь хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуур руу орох, усны гүн, урсгалын хүчийг буруу үнэлэх зэрэг шалтгаанаас үүдэлтэйг онцолж байна.
Мөн сүүлийн таван жилийн хугацаанд /2021-2025/ улсын хэмжээнд усны ослын 537 дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна. Нас барсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд осолдсон статистик гарчээ.
Иймд иргэдийг аялал, амралтаар явахдаа тухайн газрын усны нөхцөл, урсгалын онцлогийг урьдчилан судлах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас дахин анхаарууллаа. Мөн анхааруулах тэмдэг, хамгаалалтын бүсийг мөрдөж, аюулгүй байдлаа хангах нь усны ослоос урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна