Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоосон зардлын дээд хэмжээг 2 нэр дэвшигч нийт 48.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “ ... нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа хугацаандаа ирүүлсэн 436, хугацаа хоцроосон 33, тайлангаа ирүүлээгүй 137 нэр дэвшигч байна. Нийт 469 нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлснээс аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан 427, баталгаажуулаагүй 42 тайлангаас 36 тайлан орлого, зарлага тайлагнаагүй “х” тайлан байна.
“Хэвлэлийн Хүрээлэн” НҮТББ-аас хийсэн 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны мониторингийн дүнгээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 2-ноос 22-ны өдрүүдэд фейсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байснаас зөвхөн 20 орчим хувь нь нам, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа, үлдэж буй дийлэнх хэсэг нь ухуулга байх магадлалтай хувь хүний үзэл бодол, мөн бусдын үзэл бодлыг баримт мэт харагдуулах, нэр дэвшигч, нам, эвслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг унагах, дөвийлгөх, буруутгах, эргэлзээ төрүүлэх зорилго бүхий мэдээлэл байсан гэж дүгнэсэн.
Комисс 2012, 2016, 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийж ирсэн бөгөөд мониторингийн явц, үр дүнгээс үзэхэд, зарим санал авах, ухуулах байр тэргэнцэртэй иргэн саадгүй нэвтрэхэд хүндрэлтэй буюу байрны орц, гарц, налуу зам стандартад нийцээгүй огцом шаттай, налуу зам болон бусад зай талбайн хүртээмжгүй байдлаас тэргэнцэртэй иргэн орох боломжгүй байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд ялангуяа сул хараатай иргэдэд зориулан гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, мэдээллийн самбарын үсгийн фонтыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байрлуулах, түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан харилцах самбар байршуулж, түүнд түгээмэл хэрэглэх үг, яриаг ойлгомжтой байдлаар зургаар дүрслэн үзүүлэх боломжтой байхаар зохион байгуулах нь чухал байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын дарга, ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсэдсэн, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаарх албан бус мэдээллүүд байна.
Иймд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд болон түүний сонгууль эрхэлсэн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа хийх, шударгаар өрсөлдөхтэй холбоотой үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд анхаарч дараах санамжийг хүргүүлж байна. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгон дээрх санамжийг өөрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд танилцуулан хэрэгжүүлж ажиллахыг хүсье.
ТАТАЖ АВАХ ХУВИЛБАР https://lib4u.net/ebook/?id=270&lib=nhrc
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна