Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа

М.Төгөлдөр
2024/07/05

Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа. Гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн юм.

“Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот метротой болох олон жилийн яриа бодит ажил хэрэг болж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний бие Нийслэлийн Засаг даргын хувиар Улаанбаатарын метро төслийн зөвлөхөөр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” компани удирдах “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд түншлэлтэй метрог 75 сарын хугацаанд барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ 20-иод жилийн өмнө эхэлсэн метроны төслийн бичиг баримтыг зургаан сарын дотор шинээр эмхэтгэн боловсруулж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн олон улсын компаниудтай хийх гэрээ хэлэлцээрийг амжилттай дуусгаж байгаа төслийн багт талархал илэрхийлье. Метроны төслийг Улаанбаатар хот 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Миний бие үүнийгээ өмнө нь ч хэлсэн. Төслийн хувьд 2024 оныг дуустал бэлтгэл ажил нь явагдаад, 2025, 2026 онд үндсэн ажилдаа орно. Тиймээс нийслэлчүүд Та бүхнийг хэдхэн жилийн дараа биднийг хөл залгуулах гол унаа болох “Улаанбаатар метро” төслийг дуусан дуустал дэмжээрэй гэж хүсье. Толгойтоос Амгалан хүрэх 17.7 км үргэлжлэх, нийт 14 буудалтай энэхүү чиглэл нь Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам байх болно. Цаашид Засгийн газар, хотын Захиргаанаас баримталж буй төлөвлөлттэй уялдуулан дагуул хотууд болон дэд төвүүдтэй уялдуулан хөгжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Зөвлөх үйлчилгээний гэрээний хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын түншлэлийн зүгээс “Улаанбаатар метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулаад байгаа. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой аж. Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 буюу Монгол Улсад хоёр, БНСУ-д хоёр, нийт дөрвөн жил суралцуулан, БНСУ-д нэг жил дадлагажуулах хөтөлбөрөөр дамжуулан метроны мэргэжилтэн бэлтгэнэ. Мөн БНСУ-ын түншлэл Улаанбаатар хотын метроны төслийг боловсруулахаас гадна автобусны чиглэлийг оновчтой болгох төлөвлөгөө, метроны буудлуудыг даган бий болох газар доорх худалдааны төвүүдийг барьж байгуулах юм.

Мөн төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Ташрамд, Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг Монголд анх удаа хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын "NPS Engineering", БНХАУ-ын "China Railway Design Coorporation", "Guangzhou Metro Group", БНСУ-ын "Dohwa Engineering" сүүлийн шатанд өрсөлдсөн. Үнэлгээний хорооноос БНСУ-ын түншлэл хамгийн өндөр үнэлгээ авч, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19