К.Токаев: Казахстаны их, дээд сургуулиуд Монголын залуусыг хүлээж авахад хэзээд бэлэн

Н.Сумъяасүрэн
2024/10/29

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ К.ТОКАЕВ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Юуны түрүүнд Улаанбаатар хотод төрийн айлчлалаар хүрэлцэн ирэхийг урьсан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Халуун дотно сэтгэлээр угтаж буй Монголын нийт ард иргэдэд талархал илэрхийлье.

Миний бие энэ удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Монгол Улс бол бүс нутаг дахь бидний чухал хөрш орон билээ. Бид нэг нэгнийхээ сайн сайхны төлөө байдаг, нийтлэг түүх, оюун санааны болон соёлын үнэт зүйлстэй.

Өнөөдрийн уулзалт маань казахын түүхэнд онцгой орон зай эзэлдэг Зүчийн Улсын 800 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь манай хоёр орны хувьд бэлгэдлийн ач холбогдолтой билээ.

Сүүлийн жилүүдэд Казах, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна.

Бат бөх эвийг түшиглэсэн хамтын ажиллагаа маань “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр орны нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон салбарт харилцан үр ашигтай харилцаа, холбоог хөгжүүлэхэд түлхэц болно. Түүнчлэн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.

Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээ маш амжилттай болж өнгөрлөө. Эдийн засгийн харилцааг сэргээхээр тохиролцлоо. Казахстан, Монгол Улс нь Ази дахь томоохон орнуудын ангилалд багтдаг. Тийм учраас худалдааны эргэлт нь өргөн хүрээг хамрах учиртай.

Өнгөрсөн жилүүдэд худалдааны хэмжээ 150 сая ам.долларт дөхсөн. Энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд  500 сая ам.доллар болгохоор ярилцлаа. Үүний тулд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаанд учирч буй саад, бэрхшээлийг арилгах зэрэг чиглэлээр хоёр орны Засгийн газар бодитой арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх тухай замын зураглалд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг хоёр талт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Үүнээс гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр логистик болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцээ хийлээ. Казахстанд малын өвчний эсрэг вакцин гаргаж авах боломж бий. Цаашид Монгол Улсад вакцины үйлдвэр байгуулахаар тохирлоо.

Түүнчлэн шинэ технологи, ашигт малтмалын баялгийг хамтран ашиглах, хөрөнгө оруулах талаар ярилцлаа. Миний бие Казахстаны цахим Засгийн газар, кибер аюулгүй байдал болон сансар судлалын салбар дахь ололт, амжилтуудын талаар дурдлаа.

Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй. Төмөр, фосфат, боксит болон ховор эрдсийн уурхайн хайгуул, ашиглалтын чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой.

Казахстаны бизнес эрхлэгчид уул уурхайн салбарт хамтрахад бэлэн байна.

Хэлэлцээний үеэр тээвэр логистикийн талаар санал солилцлоо. Олон улсын коридоруудын өрсөлдөөний чадавхыг нэмэгдүүлэх нь чухал байна. Улс хоорондын болон бусад оронтой тээврийн харилцааг хөгжүүлснээр манай хоёр орны газар нутгаар дамжин тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ. Транскаспийн чиглэл болон урд, хойд коридорыг ашиглах нь чухал юм.

Өчигдөр Улаанбаатар хотод хоёр орны Бизнесийн зөвлөлийн анхны уулзалт болж өнгөрлөө. Энэ үеэр бизнес эрхлэгчид маань худалдааны гэрээ болон бусад олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газар хамтарсан аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр ажиллах учиртай.

Өдгөө Астана, Улаанбаатар хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд энэ харилцааг бусад аймгийн хооронд хөгжүүлэх нь зүйтэй юм.

Монголын казах иргэд бол бат бөх нөхөрлөлийн алтан гүүр билээ. Энэ ялдамд элэг нэгтнүүдэд маань байнга анхаарал хандуулдаг Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлье.

Бид боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны талаар онцгой анхаарч ярилцлаа. Залуусын харилцаа холбоог нэмэгдүүлэх шинэ санаачилгын талаар ч хэлэлцлээ. Казахстаны их, дээд сургуулиуд Монголын залуусыг хүлээж авахад хэзээд бэлэн. Эрдэмтэн, судлаачид, сэхээтнүүдийн төлөөллийг нийтлэг түүхээ хамтран судлахыг уриалж байна.

Эдгээр чухал алхмууд хоёр орны хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Казахстан, Монгол Улс нь олон улсын болон бүс нутгийн түвшинд нягт харилцаа тогтоосон. Олон чухал зүйл дээр ижил байр суурьтай байдаг. Хамтын ажиллагаа маань дэлхийн болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хөгжиж байна. Нэн ялангуяа Ази дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандууллаа.

Одоогийн геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй байдалд байна. Тиймээс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, зөвлөлдөх нь чухал юм. Бид хоёр талт болон олон талт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.

Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзлийг дэмждэг.

Өнөөдрийн айлчлал манай хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх нь тодорхой. Монголын ард иргэдэд сайн сайхныг хүсэн ерөөе.

Бидний нөхөрлөл үүрд мөнх байх болтугай.

Та бүхэнд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй" гэв 4 цагийн өмнө
Педро Бернал: Э.Цэндбаатарыг ялна гэдэгтээ итгэлтэй байна 5 цагийн өмнө
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалиар өвлийн уламжлалт спортын уралдаан, үзүүлэн тоглолтууд болно 7 цагийн өмнө
Т.Хасбаатар: АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаатай байгаа 8 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Улаангом хотод ажиллалаа 8 цагийн өмнө
“Google” компани​ хиймэл оюун ухаан ашиглахаар болжээ 8 цагийн өмнө
Ж.Янжиндулам: Үндэсний бөхөөр хичээллэсэн эрчүүд хүчирхэг болдог 10 цагийн өмнө
Ц.Баатархүү: Хиймэл оюун ухааны дата төвийг байгуулхад эрчим хүч шаардлагатай 11 цагийн өмнө
​ Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгдлээ 11 цагийн өмнө
Жолоочид дугаарын хязгаарлалтаар зорчихыг дэмжиж байна 11 цагийн өмнө
“Хөх сувд 2025” баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд бүтээжээ 12 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд 12 цагийн өмнө
-5 градус хүйтэн байна 12 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ Өчигдөр
“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Өчигдөр
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Ахмадуудын 37 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртжээ Өчигдөр
​БНСУ-ын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр