​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Ц.Цэрэнбадам
2025/07/11

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.

Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан болон хүндэт зочид, гийчид ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр эртний түүхт, эвийн хүчит монгол түмний их баяр цэнгэлҮндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм.

Дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.

Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм.

Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.

Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, Чингис хаан үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.

Мөн Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд монгол төрийн алтан соёмбот Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.

Монгол хүн, монгол морь амь нэгтэй гэж манай ард түмэн ярьдаг.

Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын энэ өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.

Монголчууд бид аугаа их хааны үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ сахин бататгаж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.

Миний монголын ард иргэд ээ,

Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй монгол наадам төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19