Монгол Улсын Шадар сайдаар Х.Ганхуягийг томилов

Б. Пагамдулам
2025/11/13

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулгыг сонслоо. Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулгадаа Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилох шийдвэр гаргаснаа дурдав. Энэхүү шийдвэрээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр танилцуулж, зөвшилцсөн байна. Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, гамшгаас хамгаалах, онцгой байдал, стандартчилал, хэмжил зүйн асуудлууд болон олон улсын Засгийн газар хоорондын комиссыг Монгол Улсын Шадар сайд эрхлэн хариуцна гэдгийг тэрбээр танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн намтрыг товч танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд нэр дэвшиж байгаатайгаа холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаа Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулах тухай албан бичиг ирүүлснийг чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, Л.Энхнасан, Дав.Цогтбаатар, Ц.Туваан нар Засгийн газрын тэргүүн болон Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа Х.Ганхуяг холбогдох хууль болон дэг зөрчиж ажилласныг анхааруулаад, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихгүй бол ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлага зайлшгүй үүснэ гэдгийг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан салбарын яамд хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх байтал аж ахуйн ажил хийдэг болсныг шүүмжлээд, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд анхаардаг Шадар сайд байхыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх үзэл баримтлалын хэрэгжилтэд анхаарал хандуулахыг хүсэж, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд бараа бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах сав барих шаардлага байгааг санууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар өмнөх Шадар сайд нар мэргэжлийн түвшинд ажилласныг талархан дурдаад, онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын харилцааны холбооны дэд бүтцийг  сайжруулахад анхаарч ажиллахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ирэх жилийн улсын төсөв батлагдсантай холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хангамж, нийгмийн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн гамшгаас хамгаалах, онцгой байдлын албаны алба хаагчдыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, ган гачиг болсноос тариаланчид ургац алдсан нь аргагүй нөхцөл байдал болохыг тогтоож, зохих хэмжээнд нөхөн төлбөр олгодог байх асуудалд анхаарч өгөөрэй гэсэн юм. Мөн бүсчилсэн хөгжлийг бодлогыг урагшлуулах шаардлага байгааг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен өвөлжилтийн бэлтгэлийг хангах, мал аж ахуйн өвс тэжээлийг бэлтгэх, хилийн боомтын эдийн засгийн чөлөөт бүсүүд, шатах, тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, өмнө үг хэлсэн гишүүдийн адил онцгой байдлын албаны техник, хангамжийн асуудлыг дахин давтан анхаарууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зураг төслийг боловсруулах ажил, хөрөнгө оруулалтыг ирэх 2026 оноос хийж эхэлнэ гэдгийг хэлж, цаашид хөгжлийн гол бодлого болгон хэрэгжүүлэхээр аргагүйг тайлбарлав.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг томилох тухай захирамжийг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар уншиж сонсгов. Ийнхүү Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын гишүүний тангараг өргөж үүрэгт ажилдаа оров. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19