Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2025/12/15

Кени улсын Найроби хотноо зохион байгуулагдаж буй Байгаль орчны тухай НҮБ-ын Ассемблейн 7 дугаар чуулганы үеэр зохион байгуулагдсан Сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөгчдийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ.

БАЙР СУУРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

Эрхэмсэг ноёд, хатагтай, эрхэм төлөөлөгчид өө,

Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганд оролцож буйдаа талархалтай байна. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, бохирдол ба нөөцийн хэт ашиглалт нь харилцан уялдаатай тулгамдсан асуудлууд бөгөөд яаралтай, зөв арга хэмжээ авч өөрчлөлт хийхийг шаардаж байна.

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтууд, НҮБ-ын Байгаль Орчны Ассамблейн шийдлүүд, Риогийн гурван конвенц болон бусад олон улсын гэрээ хэлэлцээртэй уялдуулан үндэсний бодлогоо хэрэгжүүлж, хүн ба байгальд ээлтэй цогц арга хэмжээг эрчимжүүлэхийг дэмжиж байна.

Монгол улс дэлхий нийтийн өмнөх үүрэг амлалтуудыг үндэсний урт хугацааны бодлогодоо тусган хэрэгжүүлж байна. “Алсын хараа-2050” хөтөлбөр нь ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгосон бөгөөд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах зорилт тавьсан. Газрын доройтлыг тэглэх зорилт нь үндэсний газар ашиглалтын төлөвлөлтөд тусгагдсан ба биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд дэлхийд нэн чухал тал хээрийн экосистем, зэрлэг амьтдаа хамгаалж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг улсын тусгай хамгаалалтанд бүртгээд байгаа бөгөөд 30 гаруй жилийн өмнө амласан 30 хувьдаа хүргэх зорилтоо биелүүлж хил дамнасан хамгаалал, нутгийн иргэдийн оролцоотой менежментийг дэмжсэн манлайллын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Тойрог тогтолцооны чиглэлээр Монгол Улс ундны усны хангамжаа өргөжүүлж, ахуйн бохир усыг дахин ашиглах дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн, хөдөө орон нутагт тойрог усны тогтолцоог туршин нутагшуулж, хөдөө аж ахуйн газрыг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газар нутгийг өргөжүүлэхийг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгосон.

Химийн аюултай бодис ба хог хаягдлын бодлогын хүрээнд бид озоны давхаргыг задлагч бодисыг 75 хувиар бууруулж, хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хэрэглэгчийн хариуцлагын бодлогын хүрээнд 2030 он гэхэд дахин боловсруулсан хог хаягдлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Бид химийн бодисын менежментийн засаглалыг бэхжүүлж, нэгдэн орсон конвенцуудын хэрэгжилтийг хангахдаа бохирдлоос үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор хяналт-шинжилгээ-үнэлгээний дэвшилтэт системд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

Мөн үр дүнг ил тод, нээлттэй өргөжүүлэхийн тулд төр-хувийн хэвшлийн түншлэл, холимог санхүүжилт, нүүрстөрөгчийн ба байгаль хамгааллын кредит зэрэг шинэлэг санхүүжилтийн шийдлүүд, эрсдлийг хувиргах, хиймэл оюун ухаанд суурилсан мөшгих тогтолцоо, хяналт тайлагналт баталгаажуулалт (MRV) зэрэг дижитал шийдлүүдийг нэвтрүүлж байна.

Монгол Улс бүх гишүүн орон, хөгжлийн түнш байгууллагууд болон хувийн хэвшлийн бүх төлөөлөгчдийг уур амьсгал, биологийн олон янз байдал, газар-усны нэгдсэн менежмент, бохирдолтой тэмцэх бодит шийдлүүдийг дэмжихийг уриалж байна. Санхүү, технологи болон байгальд суурилсан шийдлүүдийг хослуулснаар урт хугацааны хэмжигдэхүйц үр дүнд хүрч чадна.

Монгол Улс тогтвортой байдал болон тойрог тогтолцоог эдийн засгийн бүх салбартаа тусгасан бөгөөд нөөцийг үр ашигтай ашиглах, тэсвэржилтийг нэмэгдүүлэх чиглэлээр үлгэр жишээ үзүүлэх эрмэлзэлтэй. Бид НҮБ-ын Ассамблейн 7 дугаар чуулганы үр дүнг хэрэгжүүлж, хүртээмжтэй өөрчлөлт, бодит ахиц гаргахын тулд бүх түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Эрхэм төлөөлөгчид өө,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулагч орны хувьд Монгол Улс бэлчээр нутгийн тогтвортой хамгаалал, тэсвэртэй дэд бүтэц, газар-усны нэгдсэн менежментийг дэлхийн анхаарлын төвд хүргэх бөгөөд холбогдох шийдлүүдийг санхүүжүүлэх, хүртээмжтэй өргөтгөх боломжийг нэмэгдүүлэхийг зорьж энэ чиглэлд манлайлах болно.

Өнөөдрөөс 247 хоногийн дараа Улаанбаатар хотноо эхлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хуралд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19