Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Л.Бямбажав
2026/01/19

Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг ногоон байгууламж болгон тохижуулна. Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс энэ онд хувийн хэвшлүүдтэй хамтран нийгмийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бид хүндээ ээлтэй, хүртээмжтэй хотыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, гудамж зам талбай, цэцэрлэгт хүрээлэн барих тал дээр онцгойлон анхаарч ажиллаж буй. 2026 онд хоёр байршилд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.4 га газарт чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, зугаалах аятай таатай орчин бүхий, хиймэл нууртай цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөөд байна. Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангаас зүүн тийшээ 1.7 га талбайд газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ногоон нуурын тохижилтын ажлыг хийхдээ баруун талд буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 110 нэгж талбарт зогсоолын асуудлыг шийдэхийн тулд газар чөлөөлөлт хийнэ. Гандангийн тохижилтыг төлөвлөхдөө Урт цагаантай холбогдох явган болон дугуйн замын гүүрэн байгууламжийг барина. Цаашдаа Гандангийн урд хэсгийн газар чөлөөлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас доогуур байдаг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага бий” гэсэн юм.

Ч.Төгсдэлгэр: Ногоон нуур орчмын намгархаг хөрсөнд ногоон байгууламж байгуулах нь байгаль орчинд өндөр ач холбогдолтой

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын нэг иргэнд найман м.кв ногоон байгууламж ногдож байна. ДЭМБ-аас нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг 35 м.кв байлгахыг зөвлөдөг. Энэ хүрээнд бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж, дүүргийн чанартай томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо орчимд хүн амын нягтшил ихтэй. Энэ хэсэгт ногоон байгууламж, зогсоолыг шийдэх зайлшгүй шаардлага бий. Тухайн орчим намгархаг хөрстэй, экосистемд өндөр ач холбогдолтой хэсэг. Намгархаг хөрс нь агаар цэвэршүүлдэг учир энд барьсан ногоон байгууламж нь байгаль орчинд өндөр ач холбогдолтой. Тиймээс намгархаг хэсгийг зайлшгүй авч үлдэх хэрэгтэй. Энд мөн олон нийтийн барилга байгууламжийг төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхдээ иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч, саналыг тусган ажиллана” гэлээ.  

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулна. Ингэснээр ААН-үүдийн дэд бүтцийг шийдэж, дэмжиж өгөх, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг төсвөөс мөнгө гаргалгүй хийх зэрэг ач холбогдолтой” гэв.


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19