ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Б. Пагамдулам
2026/01/28

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар “Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж буй юм.

Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсэн. Долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.

Хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор дэд ажлын хэсэгт ирсэн саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавх, давуу тал зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлжээ.

  1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
  2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
  3. БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
  4. Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.

Эдгээр хуулийн этгээдүүдэд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан талаарх мэдэгдэл болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж, шаардлагатай мэдээ, мэдээлэл, холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны I улиралд багтаан дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа

Улаанбаатар хотын айл өрх, зарим байгууллагад хэрэглэж байгаа шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, Засгийн газраас өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025-2026 оны халаалтын улиралд 306.0 мянган тонн хагас коксон, 40.0 мянган тонн шахмал түлш худалдан авч борлуулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ний өдрийн байдлаар 269,019 тонн түлшийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлэн 19,544 тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Нийслэлийн айл өрхийн халаалтад хэрэглэж байгаа хагас коксон түлшний татан авалт тутамд лабораторийн шинжилгээ тогтмол хийж байна.

Нэг шуудай буюу 25 кг жинтэй хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу борлуулалтын 25 цэг нэмжээ.

Тээврийн 26 компани түгээлт хийж, 24 агуулах, 425 цэгээр түлш борлуулж байна.

Нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын зарим айл өрхийн эвдрэл гэмтэлтэй зуухыг стандартад нийцсэн давхар шаталтат зуухаар сольжээ.

Хийн халаагуурыг Чингэлтэй дүүргийн нийт 11 хорооны 3,815 өрх, Баянгол дүүргийн гурван хорооны 1,185 нийт 5,000 өрхөд суурилуулжээ.

2024 онд 19,512 өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулсан бол 2025-2026 онд 157,0 мянган өрхөд алсын зайн мэдрэгчтэй угаарын хийн мэдрэгч суурилуулж байна. Энэ сарын 21-ний байдлаар 136,354 өрхөд угаар мэдрэгч суурилуулжээ. Үлдсэн 20,646 айлд ирэх хоёрдугаар сараас өмнө суурилуулна.

Аж ахуйн нэгж байгууллагын 570 аж ахуйн нэгж “Тавантолгой түлш” ХХК-иас 37,782.6 тонн мидлинг худалдан авчээ.

Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат (нэг жил болон түүнээс дээш) бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий банканд байршуулах мөнгөн хадгаламж худалдан авахад хөрөнгө оруулж болно гэж, мөн Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батлахаар гэж тус тус заасан байдаг.

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж байна

Буцалтгүй тусламжийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг 2023 онд байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн.

Монголын талаас шууд нислэг эхлүүлэхэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргааны аюулгүй байдлын үнэлгээнд тус тус хамрагдах шаардлагатай бөгөөд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд IASA шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлан АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан.

Иргэний нисэхийн салбарын байгууллагууд зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. IASA шалгалтад хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн дуусгах зорилгоор зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны санхүүжилтийг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.

Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг АНУ-ын Засгийн газар, USTDA болон Монгол Улсын Засгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “The Wicks Group Consulting” компани хооронд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ

Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ.

Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв уламжлалыг хадгалж хамгаалах, сурталчлах арга хэмжээг нэгдсэн арга зүй, зохистой удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны давхардсан зардлыг хэмнэх зэрэг эерэг үр дүн гарна. Түүнчлэн, “Чингис хаан” үндэсний музейг Чингис хаан судлалын олон улсын төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19