ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

O.Аззаяа
2026/02/03


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тус төслийн гүйцэтгэгч "Митайм Интернэйшнл" компанитай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрөгч оны 10 дугаар сард гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Төслийн талбайд ажиллах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Улс орны аюулгүй байдлын асуудал учраас эрчим хүчний станцын төслүүдээ үр ашигтай хэрэгжүүлэх ёстой. Өмнө нь Шивээ-Овоо, Багануур, ТЭЦ-5-ын төслүүд гацаж байсан. Бид шинэ үүсвэрүүдийг барихдаа дулааны тооцооллоо сайн хийж, өмнөх гашуун туршлагуудаа давтахгүй байхад анхаарах нь зөв юм. Дулааны тооцоолол, чадал, шугам сүлжээнийхээ ачааллыг тооцож байж үр ашигтай хувилбарыг сонгох хэрэгтэй” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Газар чөлөөлөлт дуусаж байна. Бид ДЦС-2-ын үнсэн санг нийслэл орчмын ухагдсан карьерууд руу зөөх ажлыг хоёрдугаар сарын 15-аас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Ийнхүү 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж, барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын 21-ээс эхлүүлнэ. Долоодугаар сарын 22-нд зуухны угсралтын ажил эхэлнэ. Станцын үндсэн тоноглолууд турбин, генератор, зуухаа захиалсан. Арванхоёрдугаар сарын 21 гэхэд турбин, генераторын угсралт эхэлнэ. Ирэх оны арваннэгдүгээр сарын 15-нд зуух, турбины туршилтаа эхлүүлж, 2028 оны хоёр болон тавдугаар сард нэг, хоёрдугаар блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. ДЦС-5-ын хамгийн том ач холбогдол нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг орон сууцжуулахад цахилгаан, дулааны томоохон эх үүсвэр болох юм. Мөн бид эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслүүд дээр тендер зарлахаар бэлтгэж байна” хэмээн онцлов.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2х150 МВт хүчин чадал бүхий хоёр блоктой байна. Агаар мандалд хаягдах утааны хийд агуулагдах NOx, SO2-ыг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологитой зуух ашиглана. Уг станцыг усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй шийдлээр барих юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Бүрэн хүчин чадлаараа ажилласан үед жилд дулааны ачаалал 4.8 сая ГДж байхаар ТЭЗҮ-ээр тооцоологдсон. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэглээнд зарцуулна.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмэр оруулна. Улмаар эрчим хүчний дэд бүтцийг сайжруулж, цахилгаан түгээх, дамжуулах байгууламжуудыг шинэчлэх, эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн ухаалаг эрчим хүчний технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг хурдасгах, цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20