Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ

Л.Бямбажав
2026/03/26

Улаанбаатар хотод нийт 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг 2023 оноос эхлэн үе шаттай дулаалж байна. Угсармал орон сууцуудыг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэж, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх, барилгын ашиглалтын хугацаа уртсах зэрэг олон давуу талтай юм. Тухайлбал, “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023–2027 онд хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 45 барилгын дулаалгын ажил үргэлжилж байна. Тухайн байршилд өнөөдөр албаны хүмүүс ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 угсармал орон сууцыг үе шаттай дулаалж байна. 2025 оны байдлаар 370 блок орон сууцыг дулаалсан. 2025-2027 онд “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд нийт 210 орчим блок угсармал орон сууцыг дулаална. Үүнээс 2025-2026 онд 115 блок орон сууцыг дулаална. Дулаалгад эрдэс хөвөн ашиглаж, металл фасад, хөнгөн цагаан рам барьж байна. Фасадаас гадна дээврийн дулаалга, дээврийг мембранаар солих, узель солих ажил хийгдэнэ. Дулаалгад эрдэс хөвөн ашиглаж байгаа нь их онцлогтой. Эрдэс хөвөн нь гал дэмждэггүй, насжилт удаан, чийг татах зэрэг хүндрэлтэй байдал үүсгэхгүй.

Нийслэлээс гал дэмждэг хөөсөн дулаалгыг зогсоож, эрдэс хөвөн, металл, чулуун фасад бүхий орчин үеийн чанартай материалаар барилга орон сууц дулаалж, барихыг дэмжиж байгаа. Үүний нэг жишээ бол энэхүү төсөл. Угсармал орон сууцны дулаалгын чанар, аюулгүй байдалд иргэд хөндлөнгийн хяналт тавьж байгаа” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 угсармал орон сууцыг дулаалснаар Дулааны 2 дугаар цахилгаан станцын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэхүйц хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү “Угсармал орон сууцны дулаалгын ажлын гүйцэтгэлд өдөр тутмын байнгын хяналт тавьж байна. Германаас мэргэжилтэн ажиллаж байна. Долоо хоног тутамд бүх барилгаа эргэж, чанартай материалуудыг технологийн дагуу хэрэглэж байна уу гэдгийг хянадаг. Галд шатдаггүй эрдэс хөвөн материалтай 15 см зузаан дулаалгыг хананд технологийн дагуу бэхэлж суулгаж байна. Энэ харагдаж байгаа хөх өнгөтэй материал бол салхи нэвтрүүлдэггүй дотроос үүссэн чийгийг чөлөөтэй гадагш гаргадаг “амьсгалдаг тууз” гэж ч нэрлэдэг. Технологийн дагуу зааг завсаргүй бүрж, мөн металл өнгөлгөөг хийж байна” гэв.

Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа "Буяннэмэх интер" ХХК-ийн захирал Б.Хишигбаяр “Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 5 блок байрны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна. Оршин суугчид тун сэтгэл ханамжтай, илүү дулаахан болсныг хэлж байна. Фасад засвар нэгдүгээр сараас эхэлсэн. Тавдугаар сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн санхүүжилтийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн хөрөнгө оруулалт, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Үндсэн хэрэгжүүлэгчээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ажиллаж байна. Энэхүү дулаалгын төслийг үр ашигтай, иргэнд ээлтэй байдлаар төлөвлөж, оршин суугчид хяналт тавин ажиллаж байгааг албаны хүмүүс онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19