Дэлхийн "А" зэрэглэлийн балетын тэмцээнд монгол оюутнууд эхний гурван байрт шалгарлаа

Б.Хонгорзул
2026/05/02

Дэлхийн "а" зэрэглэлийн “арабеск” балетын тэмцээнд монгол оюутнууд 1, 2, 3-р байрт шалгарлаа

ОХУ-ын Пермь хотноо 2026 оны 4-р сарын 14-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Екатерина Максимовагийн нэрэмжит "Арабеск-2026" балетын олон улсын XIX уралдаан нь Монголын балетын урлагийн түүхэнд нэгэн гэрэлт хуудас болж өндөрлөлөө. Дэлхийн "А" зэрэглэлийн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох нь өөрөө том амжилт гэдгийг балетын мэргэжилтнүүд цохон тэмдэглэдэг төдийгүй энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас хоёр дахь удаагаа МУАЖ Х.Гэрэлчимэг шүүгчээр уригдан оролцсон нь манай улсын балетын урлагийн үнэлэмж дэлхийн тавцанд ямар түвшинд байгааг илтгэсэн үйл явдал болов.

Тэмцээний өсвөр насны ангилалд Монгол Улсын Консерваторын оюутнууд ур чадвараараа ялгарч, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дахин өргөв. Гоцлол бүжгийн төрөлд Даваадоржын Бөртэ-Үжин тэргүүн байр буюу Алтан медалын Лауреат, Бүүвэйбаатарын Оюу дэд байр буюу Мөнгөн медалын Лауреат, Батжаргалын Төрмөнх гуравдугаар байр буюу Хүрэл медалын Лауреатаар тус тус шалгарлаа. Монголын гурван оюутан дэлхийн нэр хүндтэй тэмцээний шагналын тавцанд зэрэг зогссон явдал нь Монголын балетын урлагийн түүхэнд ховорхон тохиох тааламжтай үр дүн болов. Түүнчлэн Монгол Улсын Консерваторын оюутан Н.Тэнүүн болон “La Alba" сургуулийн оюутан Г.София нар тус тэмцээнд амжилттай оролцсон юм.

Өсвөр насны ангилал гоцлол бүжгийн төрөл

Даваадорж Бөртэ-Үжин алтан медаль  |  Буувейбаатар Оюу — мөнгөн медаль  |  Батжаргал Төрмөнх — хүрэл медаль

Шагналын буухиа үндсэн байруудаар зогсохгүй тусгай шагналуудаар үргэлжилсэн бөгөөд Б.Оюу, Б.Төрмөнх нар Галина Улановагийн нэрэмжит "Бүжгийн сэтгэлгээ, дотоод мэдрэмж" (За одухотворенность танца) нэр хүндтэй шагналыг хамтдаа хүртэв. Мөн тэдний ур чадварыг Хэвлэл мэдээллийн шүүгчид өндрөөр үнэлж, "Приз жюри прессы" шагналыг Б.Оюу, Б.Төрмөнх нарт тус тус олгосон байна.

Энэхүү амжилтыг бодит болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн дасгалжуулагч багш С.Есөнзаяагийн хөдөлмөрийг олон улсын шүүгчид өндрөөр үнэлж, түүнийг "Шилдэг багш-репетитор" (Лучший педагог-репетитор)-оор нэрлэлээ. Мөн Хүрэл медалын Лауреат Б.Төрмөнхын удирдсан багш МУСТА, МУБТА Ц.Мөнхдэлгэрийн ур чадвар, хичээл зүтгэл энэхүү амжилтад чухал нөлөө үзүүлсэн юм. Багш С.Есөнзаяа энэхүү амжилтаа хамтын хөдөлмөрийн үр дүн хэмээн тодорхойлж, залуу бүжигчдийг бэлтгэхэд зөвлөсөн МУАЖ Х.Гэрэлчимэг, бүжиг дэглээч А.Хосбаяр, С.Цэцгээ, П.Энхтогтох, А.Билгүүдэй нарт болон хөгжмийн зохиолч Д.Ариунболд, О.Чинбат нарт гүн талархал илэрхийлэв.

Түүнчлэн Пермь хотын театрын хамт олон, тэргүүн гоцлооч Р.Булган, хувцас оёдолчин Таня болон Монголын талаас дэмжиж ажилласан MBG эмнэлэгийн хамт олон, "СҮҮ" ХК, залуу бүжигчдийн ар талд бат зогссон эцэг эхчүүдэд талархлаа хүргэлээ. Эцэст нь тэрээр өөрийн багш МУУГЗ Н.Энхтуяад балет хэмээх гайхалтай урлагт дурлуулсанд нь гүнээ талархаж хүндэтгэл илэрхийлснээр энэхүү амжилтын тайлангаа өндөрлөсөн байна.

"Арабеск" тэмцээн ба Монголын балетчдын түүх

1988 оноос эхлэн Перм Хотын дуурийн театрын тайзнаа өөрсдийн мөрөө үлдээж ирсэн Монголын балетчид 'Арабеск' тэмцээнтэй баялаг түүхээр холбогддог бөгөөд энэхүү урт хугацааны хөдөлмөр, хичээл зүтгэл нь өнөөдрийн амжилтын суурь болсон юм. Хамгийн анх 1988 онд У.Бат-Эрдэнэ үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн бол 1994 онд Т.Туяа, 1996 онд Б.Болд нар дипломоор шагнуулжээ.

2002 онд МУАЖ балетмейстер Х.Гэрэлчимэгийн удирдлага дор МУГЖ Д.Алтанхуяг, МУГЖ Ч.Ганчимэг, О.Лхагвасүрэн, С.Батболд нар оролцсоноос МУГЖ Д.Алтанхуяг мөнгөн медаль, МУГЖ Ч.Ганчимэг диплом хүртсэний зэрэгцээ тэд хоёулаа "Орчин үеийн бүжиг дэглэлтийн шилдэг үзүүлбэр" тусгай шагналыг хамтдаа хүртсэн нь тухайн үеийн бас нэгэн гайхалтай амжилт байлаа.

Үүнээс хойш 2016 онд насанд хүрэгчдийн ангилалд О.Ганцоож, Д.Нацагдорж, өсвөр насны ангилалд О.Хатанбаатар нар оролцсоноос О.Хатанбаатар дипломоор шагнуулав. Түүнчлэн 2018 онд ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын тэргүүн гоцлооч Р.Булган насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртэж, медалийн буухиаг дахин эхлүүлснээр 2024 оны тэмцээнд Монгол Улсын Консерваторын оюутнууд болох Ү.Анар, Л.Энхжин, Т.Нинжин нар өсвөр насны ангилалд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын залуу бүжигчид насанд хүрэгчдийн ангилалд оролцож Ү.Анар ганцаарчилсан болон орчин үеийн бүжгийн төрөл хоёуланд алтан медаль хүртэж хос алтан медалийн эзэн болж, Л.Энхжин ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэв. Харин Насанд хүрэгчдийн ангилалд ДБЭТ-ийн залуу жүжигчин Ц.Мөнгөншагай дипломоор шагнуулжээ.

 2026 оны амжилт нь жилээс жилд хуримтлагдсан туршлага, дамжуулсан мэдлэг дээр бий болсон амжилт юм. Нэг ангилалд нэг улсаас гурван медаль авах нь энэхүү тэмцээний шагналын буухианы хамгийн өвөрмөц тохиол мөн гэдэг нь маргаангүй билээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19