Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр үг хэлсэн бол НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн хүүхдийн асуудал биш бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг бүх талын хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.
Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат болон цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан нар үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээлэл, энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хүлээх хуулийн хариуцлага, цаашид үүсэх эрсдэл, хор уршгийн талаар сурагчдад мэдээлэл өгсөн талаар НИТХ-аас мэдээлэв.
Үйл ажиллагааны үеэр реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг уриалга бүхий “Хамтдаа байя” уран бүтээлээ толилуулж, сурагчдыг бие биеэ хайрлан хүндэтгэж, хэл амаар доромжлохгүй, зөв хандлагатай байхыг уриалав. Тус үйл ажиллагаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцжээ.

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд дунд болон ахлах ангийн 120 мянга гаруй хүүхдэд эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, 2800 цэгт хяналт шалгалт хийсэн байна. Үүний үр дүнд он гарсаар хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 27 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна