Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж эхэллээ.
Ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч буй орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг аюулгүй байдалтай холбоотой бүхий л чиглэлд эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Шадар сайд Н.Номтойбаяр энэ үеэр өмнө нь улсын хэмжээнд 1360 объектод хийсэн шалгалтаар нийт 5270 зөрчил илэрсэн талаар дурдаад, нэг объект тутамд дунджаар хоёроос дээш зөрчил бүртгэгдсэн нь стандарт, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж буйг онцоллоо.
Тэрбээр “Бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулж, эрсдэлийг нууж хаалгүйгээр илрүүлэх хэрэгтэй. Осол, эндэгдэл гарсны дараа бус, гарахаас нь өмнө эрсдэлийг таслан зогсоох нь хамгийн чухал” талаар ярилаа.

Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлтэй орчин нөхцөлийг сайжруулах, цаашид болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах юм.
Иргэдийн аюулгүй ажиллаж, амьдарч, сурч хөгжих орчныг бүрдүүлэхэд төрийн байгууллагаас гадна аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн хариуцлага, оролцоо чухал байгааг ажлын хэсгийнхэн онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна