УИХ-ын гишүүн асан Д.Дондог өвчний улмаас таалал төгссөнд төрийн гурван өндөрлөг, гишүүд эмгэнэл илэрхийллээ

М.Төгөлдөр
2021/04/23

ЭМГЭНЭЛ

Долцонгийн ДОНДОГ
/1956-2021/

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Долцонгийн Дондог 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо.
Д.Дондог 1956 онд Төв аймгийн Баян суманд төрж, 1974 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн дунд сургууль, 1979 онд Улсын багшийн дээд сургууль, 1989 онд Намын дээд сургуулийг тус тус төгсөж, физик-математикийн багш, улс төрийн дээд боловсрол эзэмшжээ. Мөн тэрбээр 1997-2000 онд Швед, Энэтхэг Улсад Нутгийн удирдлагын, 2001-2003 онд АНУ, ОХУ, Швейцарь, БНСУ-д Эрх зүйт төрийн парламентын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, Боловсролын болон Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй сурган хүмүүжүүлэгч, улс төрийн ажилтан байв.
Д.Дондог 1979 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн дунд сургуульд физик-математикийн багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар нам, төрийн ажилд шилжиж 1984-1992 онд Төв аймгийн МАН-ын хороонд зааварлагч, ахлах зохион байгуулагч, хэлтсийн дарга, МАН-ын хорооны дэд дарга, 1992-1996 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн орлогч дарга, дарга, 1996-2000 онд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар тус тус ажилласан шилдэг удирдагч байв.
Д.Дондог 2000-2004, 2004-2008, 2008-2012 онуудад Төв аймгийнхныхаа итгэлийг хүлээн Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2005-2008 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан мэргэшсэн парламентчдын нэг билээ.
Тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаандаа олон арван хуулийн төсөл санаачлан боловсруулж батлуулсан бөгөөд Монгол Улсын боловсролын тогтолцоог улам боловсронгуй болгож сайжруулахад онцгойлон анхаарч Боловсролын ерөнхий хууль, Бага, дунд боловсролын тухай, Мэргэжлийн боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцүүлж батлуулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласныг парламентын танхимд мөр зэрэгцэн суусан нөхөд нь үнэлж талархдаг юм.
Д.Дондог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай зэрэг олон хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр ажиллаж, улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд ач тусаа өгсөн эрх зүйн чухал зохицуулалтыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.
Мөн 2005 онд Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах асуудлыг судалж, Улсын Их Хурлаас гаргах хууль, бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй Улсын Их Хурлын Түр хороо байгуулах шийдвэрийг гаргуулж, тус Түр хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. Түүнчлэн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагчийн орлогч, Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажилд цаг зав, оюун бодлоо харамгүй зориулж иржээ.
Д.Дондог Улсын Их Хурлын гишүүнээр удаа дараа сонгогдон ажилласан хугацаандаа Төв аймгийн Зуунмод хотыг бүсийн хөгжлийн төв болгох, тус хотод аж үйлдвэрийн парк байгуулах болон спортын цогцолбор бариулах, олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг аймгийнхаа нутагт байгуулах зэрэг алсыг харсан томоохон асуудлыг тавьж шийдвэрлүүлсэн нь эдүгээ биеллээ олоод байна. Үүний бодит жишээ нь Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулагдан ашиглалтад орсон, Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, нийслэлийн дагуул болон бусад хотуудыг хөгжүүлэх үүднээс Улсын Их Хурлаас 2020 онд “Хот байгуулах тухай” тогтоол баталж, тус аймагт “Шинэ Зуунмод” хот байгуулахаар шийдвэрлэсэн явдал юм.
Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Дондогийн хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн болон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ. Мөн 2012 онд Төв аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ.
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Долцонгийн Дондогийн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай, хүнлэг зан чанар, эгэл даруу гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, С.ОДОНТУЯА, Д.ТОГТОХСҮРЭН, Ж.МӨНХБАТ, Л.ЭНХ-АМГАЛАН, У.ХҮРЭЛСҮХ, Н.ЭНХБОЛД, Ж.БАТЖАРГАЛ, Ц.ТУВААН, Ц.ЖАМБАЛСҮРЭН, Д.МӨНХБААТАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 8 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 8 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 9 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 10 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 11 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 13 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 13 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 14 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 15 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 15 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 15 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр