Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг өнөөдрөөс /2021.05.21/ ахмадуудын тэтгэвэр авдаг данс руу шилжүүлж эхэлсэн байна. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадад 216 тэрбум төгрөгийг олгох юм.
2019 онд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу 228.5 мянган иргэдийн зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр иргэд болон УИХ-ын гишүүдийн зүгээс тэтгэврийн зээлгүй ахмадуудад шударга бусаар хандлаа гэдгийг илэрхийлж байсан. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагаж мөрдөх журмын гуравдугаарт “Нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлж эхэлнэ” гэж заасан.
Энэ дагуу зээлгүй ахмадуудад өнөөдрөөс сая төгрөгийг шилжүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна