У.Хүрэлсүх: Ази, Европыг холбосон газар зүйн давуу талаа ашиглан “Транзит Монгол Улс” болно

Ш.АДЪЯАМАА
2021/09/03

ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нэгдсэн хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Юуны өмнө Дорнын эдийн засгийн чуулганд намайг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлэхийг хүсч байна. 2015 оноос эхлэн зургаан удаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад Монгол Улс дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна. Энэ нь Монгол Улс тус чуулганд өндөр ач холбогдол өгч байдгийн нотолгоо төдийгүй цаашид бүс нутгийн орнуудтай үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн чин эрмэлзлэлийн илэрхийлэл юмаа.

Дорнын эдийн засгийн чуулганд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, зөвхөн эдийн засаг, бизнесийн төдийгүй улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй төлөөлөгчид дэлхийн хөгжил, геополитикийн тогтвортой байдал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцдог талбар болж, Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний механизм болон төлөвшиж байгаа учраас бодит үр өгөөж нь цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дахь Алс Дорнодын шинэ боломж” сэдэвт өнөөгийн энэ чуулга уулзалт дэлхий даяараа цар тахлын аюулд нэрвэгдсэн, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шинэ шийдлүүдийг нийтээр хайж буй энэ цаг үед болж буйгаараа ач холбогдолтой юм.

Иймд тус чуулган Алс Дорнод, Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын үр дагавар, хямралын эсрэг шинэ боломжуудыг нээх, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.

Цар тахалтай тэмцэх, хумих үйлсэд ард иргэдийн дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэх тул “Ковид-19” халдварын эсрэг вакцин бүтээж, үйлдвэрлэж, түгээж буй орнууд, түүний дотор Монголын ард түмэнд цар тахлын хүнд үед туслалцаа үзүүлж ирсэн улс орнууд, олон улсын байгууллагуудад гүн талархлаа энэ дашрамд илэрхийлье.

Өнөөдрийн энэ боломжийг ашиглаад “Ковид-19” цар тахлын хамгийн хүнд үед өөрийн үйлдвэрлэсэн вакциныг манай улсад нийлүүлсэн ОХУ, БНХАУ, БНЭУ, санхүүгийн тусламж үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Цар тахлаас хамгаалах чиглэлээр бүс нутаг, дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, вакциныг тэгш шударга хүртээх, буурай хөгжилтэй орнуудад вакцин хандивлах, цар тахалтай тэмцэх туршлагыг хуваалцах нь магадгүй цар тахлыг түргэн хугацаанд даван туулах цорын ганц зам байхыг үгүйсгэхгүй.

Өнөөгийн дэлхийн ертөнцийн нэн амаргүй үед зуны Олимпийн 32 дугаар наадмыг амжилттай зохион байгуулсан Япон Улсын Засгийн газар, ард түмэн, сайн дурынханд чин сэтгэлийн баяр хүргэе. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд 206 улс орны 11 мянга гаруй тамирчин оролцсон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах томоохон туршлага боллоо.

Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Түүхэн баялаг замыг туулсан манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар цаашид улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

ОХУ-ын “Их Евразийн түншлэл” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг.

Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна.

Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно.

Чуулган “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 12 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 13 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 13 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 13 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 14 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 15 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 15 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 16 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 16 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 16 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 17 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 17 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 18 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 19 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 19 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 19 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 19 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 20 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 21 цагийн өмнө