Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 150 сая литр ус хэрэглэж байна

М.Төгөлдөр
2022/06/16

Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан нь ус болж байдаг учраас ундны цэвэр ус эрүүл, аюулгүй байх нь нэн чухал.

Улаанбаатар хотын иргэд гадаргын бус, гүний цэвэр ус хэрэглэдэг. Хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор суурьшлын бүс хүрээгээ тэлж, барилга байгууламжууд шил даран шинээр баригдаж байна. Үүнийг даган хэрэглээний болон хэрэглэсэн усны менежмент ч мөн шинэчлэгдэн сайжирч байгаа. Гэсэн хэдий ч нөгөө талдаа зохисгүй хэрэглээ, бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр усны бохирдол бий болж, цаашдаа усны хомсдол үүсэх эрсдэл гарч буй юм. Учир нь Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 140-160 мянган метр куб буюу 150 сая литр ус хэрэглэж байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ГҮНИЙ ЦЭВЭР УСАА ХАМГААЛАХ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ШИЙДЭХ ГАРЦ БОЛ УЛААНБААТАР ХОТЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ЯВДАЛ

Усны тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга усны нөөц болон усны зохистой хэрэглээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасан байдаг. Уг ажлыг цогцоор нь хийж, хэрэгжүүлэхийн тулд Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ болон холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх талаар нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа вэ?

-Дэлхий дахины хөгжлийн явцад улс орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны цэвэр усны хэрэглээ юм. Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээ бол зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал мөн. 2018 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёрдугаар эх үүсвэрийг Сонгинохайрхан дүүргийн бэлд байгуулах тохиролцоо хийсэн. Энэ ажил 2020 оноос хэрэгжиж эхлэн өдгөө бүтээн байгуулалт нь ид өрнөж байна. Ундны усны хоёр эх үүсвэртэй болсноор хотын иргэд 60 жил ундны цэвэр усанд санаа зовохгүй амьдрах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа бид ундны цэвэр усаа маш ариг гамтай хэрэглэх шаардлагатай байна. Иймд нийслэлийн зүгээс саарал усыг зөв хэрэглээг хэвшүүлэх, саарал ус боловсруулах технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Хотод шинээр барьж буй орон сууцны шугам хоолойн стандарт гэж байдаг уу?

-Байгаа боловч шинэчлэх ёстой. Улаанбаатар хотод 2500 орчим стандарт мөрдөгдөж байгаа ч 40-50 хувь нь шаардлага хангахгүй, шинэчлэх хэмжээнд очсон. Тиймээс бид шинэчлэлийн хүрээнд барилга байгууламж, иргэдийн амьдрах орчинтой холбоотой 97 стандартыг боловсруулж, эхнээс нь баталж байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахын тулд нэг төвт хотоос олон төвт хот болох бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үүнтэй уялдан хөрсний бохирдлын асуудал мөн урган гарч ирнэ. Иймд гүний цэвэр усаа хамгаалахын тулд хөрсний бохирдлыг бас авч үзэх хэрэгтэй. Хөрсний бохирдлыг нэг мөсөн шийдэх гарц бол Улаанбаатар хотыг дахин төлөвлөх явдал. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж чадсанаар инженерийн хуучирсан шугам сүлжээ, байгууламжийг дунд болон урт хугацаандаа шинэчилж чадна.

1965-1990 онд хот төлөвлөлт зөв явж байсан ч 1990 онд нийгэмд өөрчлөлт гарсан үеэс алдагдсан. Иймд Улаанбаатар хотыг дахин төлөвлөх шаардлагатай. Дахин төлөвлөхдөө баруун тал руугаа төлөвлөх нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор тусдаа Ажлын хэсэг гарч, Японы зөвлөх инженерүүд, Сингапурын “Си пи жи” корпорацтай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд дараагийн 30 жилд хот ямар байх талаар төлөвлөгөө боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар оруулахаар зорьж байна хэмээсэн юм.

Ц.ТӨРХҮҮ: УЛААНБААТАР ХОТЫН УНДНЫ УС ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙН ШААРДЛАГЫГ БҮРЭН ХАНГАЖ БАЙГАА

Нийслэлчүүдийн хувьд нийт 10 эх үүсвэрээс ундны усаа авдаг. Тэрхүү эх үүсвэрүүдээс авсан усыг эрүүл, аюулгүйгээр иргэдэд хүргэх ажлыг Ус сувгийн удирдах газар /УСУГ/ ОНӨААТҮГ хийж гүйцэтгэдэг. Өдгөө 63 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллага нь цэвэр усны 586 км, бохир усны 295.5 км шугам сүлжээг хариуцаж буй. Мөн энэхүү байгууллагын 1823 ажилтан 24 цагийн турш хотын хүн амыг стандартад нийцсэн ундны усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү ийн ярилаа.

-Гэр хороололд нэг хүний усны хэрэглээ хоногт 8-15 литр байхад, байшин хороололд 160-200 литр байдаг. Ийм том ялгаа гарч байгаа учраас иргэд усаа хэмнэх хэрэгтэй. Усаа хэмнээд, зөв зохистой ашиглаж сурвал цаашдаа ч тэр хандлагаараа амьдрах болов уу гэж бодож байна. Иймд манай байгууллагын зүгээс өсвөр насныханд энэ сэдвийг сайтар сурталчилж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтран сургалтын хөтөлбөрт нь оруулан ажиллаж байгаа.

-Усны менежмент шинэчлэгдэн сайжирч байгаа хэдий ч шинээр барьсан орон сууцуудын хэрэглээний ус зэвтэй гарч байна гэсэн гомдол гарч буйн шалтгаан нь юу вэ?

-УСУГ нь Улаанбаатар хотын ундны усыг газрын гүнээс авахаас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ус дулаан дамжуулах төв хүртэл дамжуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ хоорондох бүх үйл явцад ундны усыг лабораторийн бүрэн шинжилгээнд хамруулдаг. Хоногт нийт 300 гаруй цэгээс 1000 орчим дээж авч шинжлэхэд бидний дамжуулж буй ус ундны усны стандартыг хангаж байна гэсэн үр дүн гарч байгаа. Мөн манай байгууллагаас даралттай ус дамжуулдаг учраас зэвтэй ус хүргэх боломжгүй. Тэгэхээр шинэ орон сууцууд шаардлага хангасан шугам сүлжээ ашиглаж байгаа эсэх асуудал яригдах юм хэмээлээ.

Ус бидний амьдралын чухал нэгэн эд эс боловч өдгөө хүн төрөлхтөн энэхүү амин чухал зүйлээ хайрлаж, гамнаж чадахгүй байгааг илтгэх дараах судалгааг хүргэе.

  • Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус ордог.
  • Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус хэрэглэдэг.
  • Нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 9997 буюу 10 мянган литр шахам ус шаардагддаг.
  • Стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус ордог.
  • Таван минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсаж байдаг.
  • Дэлхийн бүх усыг дөрвөн литрийн саванд багтаавал ундны ус ердөө нэг цайны халбага хэмжээтэй.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 12 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 12 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 13 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 13 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 13 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 14 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 15 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 15 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 15 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 15 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 16 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 16 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 18 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 18 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 19 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 19 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 19 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 20 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 20 цагийн өмнө